410-р бүлэг : Шүүлт
Санни баруун хойд зүгт аялж, шөнийн турш аль болох их зай туулахыг хичээв. Тэр аварга том гинжнүүдийг хурдан сүүдэр болон туулж, арлуудын дээр гарч явганаар гатлаад, нөгөө талд нь хүрмэгц дахин харанхуй руу шумбан орно.
Тэр Гинжлэгдсэн Арлуудыг атаархмаар хурдтай туулж байсан.
Гэхдээ нисэх чадвартай хүний хэмжээнд хүрэхгүй.
Сүүдрийн алхалтыг ашиглах бүр Сүүдрийн Мөн Чанар их хэмжээгээр зарцуулагддаг тул тэнгэрийн гинжнүүдээр үргэлжлүүлэн явахын өмнө түүнийгээ байнга нөхөх шаардлагатай байв.
Харин энэ нь түүнийг асар их аюулд оруулдаг байлаа.
Арлууд Хар дарсан зүүдний мангасуудаар дүүрэн. Түүнээс гадна үхлийн аюултай байгалийн... үнэндээ байгалийн бус... олон заналхийлэл байв.
Санни үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Нэг сүүдрээ биедээ ороож, нөгөөг нь урд зүгт тагнуулаар явуулна.
Тэр тэнүүчилж яваа жигшүүрт амьтадтай тулалдахаас зайлсхийхийн тулд сүүдэрт нуугдана. Хэрэв өөр аргагүй болбол зүгээр л телепорт хийнэ.
Гэвч ийм үсрэлт бүр Сүүдрийн Мөн Чанарыг нь улам их залгиж, цөмүүд нь дахин дүүрэхийг хүлээнгээ Сүнсний Могойн ороомгуудаар мөн чанараа эргэлдүүлэн амрахад хүргэнэ.
Ихэнх үедээ Санни амь нас нь бодитоор аюулд орлоо гэж мэдэрдэггүй байв.
Түүний Шинж чанар болон чадваруудын хослол түүнийг агнахад тун бэрх бай болгожээ.
Ямар ч аймшиг түүнийг агнахыг оролдсон бай, тэр үргэлж мултарч чадна.
Ядаж одоохондоо.
Тэр Бузар зэрэглэлийн мангасууд эзэмшдэг арлууд, эсвэл арлуудын харанхуй талд амьдардаг аймшигт оршнолуудын нутагт хөл тавихгүй, мөн Сүүдрийн Мөн Чанараа зөв зохицуулж чадвал аюулгүй байх боломжтой.
Харин тийм хүчирхэг жигшүүрт амьтдын эсрэг бол сүүдэр байх нь хүртэл аюулгүй байдлын баталгаа биш.
Тэр Харанхуй хотын нурсан сүмийн доорх гянданд харсан сүнслэг хоёр бамбарыг одоо хүртэл мартаагүй.
Замдаа Санни өмнө нь судалж байсан олон арлаар дайрч өнгөрөв.
Мөн урьд нь очих шаардлага гарч байгаагүй арлуудаар ч явлаа.
Арлууд тус бүр өөр өөрийн гэсэн үхлийн аюултай.
Тэд бүгд сэтгэл татам нууцуудыг нуусан мэт харагдана.
Мэдээж тэдгээрийн ихэнх нь эцэстээ мултрах аргагүй урхи болж таарах нь ойлгомжтой.
Тиймээс тэр сониуч зангаа дарж, үргэлжлүүлэн замаа хөөлөө.
Хоёр тэнгэр дүүрэн тод ододтой шөнийн Гинжлэгдсэн Арлууд үнэхээр үзэсгэлэнтэй.
Санни энэ сүрлэг бөгөөд аймшигтай нутагт амьдардаг жигшүүрт амьтдаас нуугдан давхиж байсан ч түүний харанхуй гоо үзэсгэлэнг бишрэхээс өөр аргагүй байлаа.
Гэхдээ...Үзэсгэлэнтэй зүйлс. Хамгийн аюултай нь үргэлж үзэсгэлэнтэй зүйлс байдаг.
Энэ сургамжийг тэр одоо хангалттай сайн ойлгосон. Үүр цайхад Санни аяллынхаа эхний зогсоол болох ёстой аралд хүрэв.
Энэ бол юу ч амьдардаггүй эзгүй арал.
Газар нь чулуурхаг бөгөөд хөрш арал дээрээс нисэн ирсэн хэлтэрхийнүүдийн үлдээсэн олон жижиг тогоотой. Энэ арлыг тогтоон барьж байсан гинжнүүд эрт цагт тасарчээ.
Ингэснээр юу ч хорихоо больсон арал улам өндөрт хөөрч, эцэстээ Няцлалтад тасар татагдан бутарчээ.
Үлдэж хоцорсон хөрш арал нь Саннид онцын сонирхолтой биш байсан.
Гэхдээ амарч, амьсгаа авахад тохиромжтой газар байлаа. Тэр нэг тогоонд нуугдан даруухан өглөөний цайгаа идэж, Төгсгөлгүй булгаас ус уув.
Дараа нь мандаж буй нарыг ажиглаж, газрын зургаа хэдэн минут судлаад Гэгээнтнийг дуудлаа.
Дуу цөөтэй чөтгөр түүний сүүдрээс гарч ирэв. Мэдээж Эвдэрсэн Тангарагийн сүнс гэмтээх нөлөөнд нь өртөхгүй хангалттай хол зайд.
Санни түүн рүү хараад ядарсан янзтай нүүрээ үрэн,
"Би унтлаа. Чи харуулд зогсоод өгөөч." гэлээ.
Сүүдэр түүн рүү хэдхэн хором хайхрамжгүй ширтээд нумаа татаж, сумаа хөвчид нь углаад эргэн харав.
Санни санаа алдлаа.
Тэр дахиад хоёр хоног унтахгүй байж чадна. Гэхдээ өөрийгөө хамгийн сайн нөхцөлд байлгах нь илүү ухаалаг. Эцсийн эцэст Зүүдний ертөнцөд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй.
Үүргэвчээ дэр болгон тавиад Санни хэвтэж, нүдээ анив.
'Хэдхэн цаг...'
---
Нэг өдрийн дараа тэр Шүүлтэд хүрэв.
Ариун Дагшин Газрын маш олон хүний айдаг тэр муу ёрын арал нэлээд том байлаа.
Өргөн нь дор хаяж арван хоёр километр.
Бүр муугаар хэлбэл түүнийг тогтоож байсан ердөө хоёрхон гинж бараг эсрэг талуудад байрлаж байв.
Дараагийн аралд хүрэхийн тулд Санни арлыг бүтэн гатлахаас өөр аргагүй.
Газрыг өтгөн өвс бүрхжээ. Алсад өндөр мөнх ногоон модтой ой харагдана. Бүр хол нэгэн чулуурхаг толгод, өгөршсөн хаднаас буух хүрхрээ ч үзэгдэнэ.
Гинжлэгдсэн Арлуудын бусад газрын адил ус хаанаас ирээд хаашаа урсаж байгааг ойлгох боломжгүй. Санни энэ газрын хачирхалтай байдалд аль хэдийн дассан тул үүнд анхаарал хандуулсангүй.
Шүүлт нам гүм, үзэсгэлэнтэй газар мэт харагдана. Бүр диваажин шиг ч гэмээр.
Гэвч сүүдрийнхээ нүдээр харахад Саннигийн дотор хүчтэй түгшүүр төрөв.
Энэ газарт... Ямар нэгэн зүйл маш буруу байлаа.
Үзэсгэлэнтэй мөртлөө тэр арал дээр нэг ч амьд биет харагдсангүй. Салхинд навчис сэрчигнэхээс өөр чимээ байхгүй. Мод аажуухан найгахаас өөр хөдөлгөөн үгүй.
Араатан байхгүй. Шавж байхгүй. Юу ч байхгүй.
Тэр тайван арлаар тэнүүчилж яваа ганц ч Хар дарсан зүүдний мангас байсангүй.
Ямар аймшигтай зүйл байдаг болохоор Хар дарсан зүүдний мангасууд хүртэл энд ирэхээс айдаг юм бол? Эсвэл арлын эзэн бүгдийг нь алчихсан юм болов уу?
Тэгвэл яснууд нь хаана байна? Ядахдаа ясны нунтаг ч алга.
'...Надад энэ огтхон ч таалагдахгүй байна.'
Анхандаа Санни Шүүлтийг урьдын адил явган туулна гэж бодож байсан.
Харин одоо бодлоо өөрчилжээ. Илүү их Сүүдрийн Мөн Чанар зарцуулсан нь дээр.
Энэ муу ёртой газрын эзэнтэй нүүр тулан учрахаас хавьгүй дээр. Хэрэв тэр ер нь нүүртэй бол...
Хөмсгөө зангидан Санни Сүүдрийн алхалтыг ашиглан тэнгэрийн гинжнээс гарч, урьдчилан илгээсэн сүүдрийнхээ ойролцоо гарч ирэв.
Тэр биет дүр төрхөө аваагүй. Биегүй хэвээр үлдэхийг илүүд үзжээ. Ингэвэл Шүүлтийн нөгөө талд хэнд ч анзаарагдалгүй хүрч чадна.
'Ер нь тэр аймшигтай амьтан хаана байгаа юм бол?'
Тэр хаанаас нь ч түүний барааг олсонгүй.
Бараан түгшүүр өвөрлөсөн хэвээр Санни мөнх ногоон ойн өндөр моддын унагасан гүн сүүдрүүдийн дундуур аажмаар хөдөллөө.
Хэчнээн сайн ажигласан ч ойролцоо нь ямар ч хөдөлгөөн анзаарагдсангүй. Шүүлт гэх нэрийг авсан тэр Нүгэлт жигшүүрт амьтан ор мөргүй алга болсон мэт.
'Магадгүй харагддаггүй юм болов уу...'
Санни хараагаа хааж, Сүүдрийн мэдрэхүйдээ төвлөрөв. Сүүдрийг мэдрэх мэдрэмж нь алс хол хүртэл тэлэн сарнив.
Тэгээд...
'Тэр юу байсан бэ?!'
Юунд ч хамаарахгүй нэгэн сүүдэр асар хурдтайгаар түүн рүү ойртож байлаа.
'Тэр... тэр новш чинь үл үзэгдэгч юм байна!'
Санни хөдөлгөөнгүй хөшив. Ингэж байхдаа тэр зөвхөн нэгэн сүүдэр төдий биш. Нууж байсан том сүүдрээсээ ч ялгагдахгүй болсон байв. Түүнд бодит бие байсангүй.
Ийм байдалд ядаж бие махбодод нь хэн ч хор хүргэж чадахгүй байх ёстой.
Ядаж бие махбодод...
Үл үзэгдэгч амьтан улам бүр хурдан түүн рүү ойртсоор.
'Түр хүлээ... Үгүй, ямар нэг зүйл нийцэхгүй байна...'
Тэр жигшүүрт амьтан үнэхээр үл үзэгдэгч юм бол яагаад ямар ч чимээ гаргахгүй байгаа юм?
Яагаад доорх өвс нь гишгэгдэхгүй байгаа юм?
Яг л...Шүүлтэд амьдардаг Хар дарсан зүүдний мангас өөрөө...
Үнэндээ... Сүүдэр юм шиг.
Санни хариу үйлдэл үзүүлж амжаагүй байхад Шүүлтийн эзэн аль хэдийн түүн дээр ирчихсэн байлаа. Тэгээд тэр нэг зүйлийг ойлгов.
Сүүдэр хүртэл...
Өвдөлт мэдэрдэг юм байна.