440-р бүлэг : Өршөөлгүй Одод
Гурван долоо хоногоос илүү хугацаанд Доод Тэнгэр лүү унасны дараа, ядаж Саннид тийм урт хугацаа өнгөрсөн мэт санагдаж байлаа, тэр санаа алдан, аюултайгаар савлаж буй эрдэнэсийн авдрын дээр тэнцвэрээ хадгалан босов.
Түүний үс хөлсөнд норж, арьс нь ойртож буй оддын нэвт цагаан гэрэлд гялалзаж байлаа. Одоо тэд хязгааргүй ангалын харанхуй дахь жижигхэн цагаан цэгүүд шиг харагдахаа больжээ. Харин од бүр атгын чинээ том болж, ууртай мэт нүд гялбам цагаан хүрээ гэрэлд бүрхэгдсэн байв.
Хоосон орон зайг нэвт дүүргэсэн халуун амьсгал боогдуулам байлаа.
Санни доош ширтэн, доор нь цалгилах цагаан галт далайг ажив. Хэрэв энэ нь тэнгэрийн гал эртний нутаг дээр бууж ирсний дараа олон мянган жилийн турш хоосон орон зайд шатсаны эцэст үлдсэн зүйл нь юм бол... тэр тэнгэрлэг шийтгэлийн алх эртний газар дээр анх бууж ирэх мөчид ямар дүр зураг байсан бол гэж төсөөлөхөөс хүртэл дагжин чичирлээ.
Түүний харц хэд хэдэн гэрэлт оддын дундах жижигхэн хоосон зай дээр тогтов.
Цоорхой.
Энэ бол түүний зорилго байлаа.
Санни асар уудам галан талбайн дундах тэр өчүүхэн хоосон хэсгийг бараанаар ширтэж байтал гэнэт хоосон орон зай дуугарлаа.
"Чамд... хмм? Энэ чинь... өө... ямар том шивээс вэ."
Санни харанхуй руу харснаа мөрөө хавчив.
"Тэгээд?"
Мордрет хэдэн хором чимээгүй байснаа юу хэлэхээ мэдэхгүй байгаа мэт санагдаад, хөгжилтэй өнгөөр асуулаа.
"Санлесс... чи өөрийгөө судалгааны туслах мөн гэдэгтээ итгэлтэй байна уу?"
Санни инээмсэглэв.
"Мэдээж! Сар бүр надад хэдэн хувь нэмрийн оноо өгдгийг чи мэдэх үү? Би энд тэндхийн талаар хэдхэн мөр сараачсан. Тэгээд л байшин авсан. Бүтэн байшин шүү! Судлаач байх нь ханхүү байх шиг сүртэй биш байж магадгүй. Гэхдээ бас л сайхан ажил. Мэдээж эрхэм дээдэс танийг хүндэтгэе."
Хоосон орон зай инээлээ.
"Чи үнэхээр сонирхолтой хүн юм."
Санни итгэж ядсан царайгаар харанхуйг ширтэв.
"Чи өөрөө ч бас нэлээд оньсого биш гэж үү?"
Мордрет хэсэг чимээгүй байснаа асуулаа.
"Удахгүй болох зүйлд чи бэлэн үү?"
Хариулахын оронд Санни өршөөлгүй оддын далайг заав.
"Тийшээ хар."
Төөрөгч ханхүүгийн хоолой үл ойлгогдом харамслаар дүүрэн сонсогдов.
"Би үнэндээ тийм сайн харж чадахгүй. Юу байгаа юм?"
'Өө... тийм байна.'
Санни хэдэн секунд эргэлзсэний эцэст хэлэв.
"Чиний хэлсэн Цоорхойг олчихсон байх гэж бодож байна."
Мордретын хоолойд гайхшрал мэдрэгдэв.
"...Үнэхээр үү? Олчихсон гэж үү?"
Санни мөрөө хавчив.
"Удахгүй мэдэгдэнэ. Чи Цоорхойн яг доор байдаг гэсэн биз дээ? Би Цоорхой руу шууд унасан болохоор зөв байх магадлал бий."
Хоосон орон зай хэсэг саатсанаа бараан өнгөөр хэлэв.
"Хэрэв зөв биш бол?"
Санни инээмсэглэлээ.
"Тэгвэл чамтай танилцахад таатай байлаа. Ямартай ч... явахаасаа өмнө хэлэх өөр зүйл байна уу? Би одод хүрэхээс өмнө дахиад ярилцах боломж олдоно гэдэгт эргэлзэж байна."
Мордрет хэдэн секунд бодсоноо хэлэв.
"Үүний дараа би чамтай огт холбогдож чадахгүй ч байж магадгүй. Тиймээс... амжилт хүсье?"
Санни хөмсгөө өргөлөө.
"Үнэхээр үү?"
Урт чимээгүйн хормын дараа хоосон орон зайн хоолой хариулав.
"Тийм. Яагаад?"
Тэр толгой сэгсэрлээ.
"Онц юм биш. Би чамайг тэнд, оддын цаана хаа нэгтээ гацсан гэж бодсон юм."
Мордрет инээд алдав.
"...Үгүй. Би өөр газар гацсан."
Түүний хоолой үл мэдэг холдон бүдгэрэв. Дараа нь бараг сонсогдох төдий шивнээ Саннигийн чихэнд хүрлээ.
"Би... амьд үлд...найд...Санлесс..."
Тэгээд Төөрөгч ханхүү алга болж, Санниг дахин харанхуйд ганцаар нь үлдээлээ.
Тэр санаа алдлаа.
"Би ч бас. Би ч гэсэн амьд үлдэнэ гэж найдаж байна."
---
Мордрет алга болсны дараа Санни хэсэг хүлээгээд, энэ аялал эхэлснээс хойш өөртөө тогтоосон дүрмээ хоёр дахь удаагаа зөрчив. Тэр зөвхөн Монгрелтой холбоотой байх ёстой өөр нэгэн Дурсамжийг дуудлаа.
Доод ертөнцийн өмсгөл.
Хар очноос сүлжигдсэн нарийн хийцтэй хар оникс хуяг хормын дотор бүтэж, түүнийг толгойноос хөл хүртэл бүрхэв. Санни ихэвчлэн Нэхэгчийн Багийг хэрэглэдэг байсан тул энэхүү битүү дуулгыг өмсөж дасал болоогүй ч эвгүй санагдсангүй. Харин харах хүрээ нь бага зэрэг хумигдав.
'Намайг ангалын ийм гүнд хэн ч харж чадахгүй байх гэж найдъя.'
Доод Тэнгэрт ирээд тэр өөрийнх нь нууцыг хэн ч, тэр бүү хэл илчлэлд мэдрэмтгий хүмүүс хүртэл сөхөж, ямар нэгэн зүйл олж мэдэж чадахгүй мэт санагдаж байлаа.
...Энэ дүрмийн цорын ганц үл хамаарах хүн нь Хоосролын Ханхүү өөрөө байсан. Харин тэр одоо явчихсан.
Доод ертөнцийн өмсгөл удалгүй асар их хэрэг болох хоёр Шидийн сайжруулалттай байлаа. Хуягийн [Бат Бэх] шинж чанар нь түүнд гал зэрэг олон төрлийн махбодын хохирлын эсрэг өндөр тэсвэр өгдөг байв. Хуягийг өмсөөд хэдхэн секундын дараа Санни амьсгал боогдуулам халуун ухарч, оронд нь таатай сэрүүн мэдрэмж төрөхийг мэдэрлээ.
Тэр сэрүүн мэдрэмж хэр удаан үргэлжлэхийг тэр мэдэхгүй байв.
Нөгөө талаас [Амьд Чулуу] Шидийн сайжруулалт нь Доод ертөнцийн өмсгөлийг өмсөж байх хугацаанд өөрийгөө сэргээн засах боломжтой болгожээ. Тэнгэрлэг дөл оникс хуягийг гэмтээхүйц хүчтэй болсон хойно энэ шинж чанар нь Санниг хамгаалахад тусална.
Үүний дараа Санни харанхуй урт нум болон хар сумтай саадаг аа дуудлаа. Одоо түүний гар хангалттай эдгэрсэн тул тэрхүү хүчирхэг нумыг татаж чадах болсон байв. Гагцхүү ашиглах шаардлага гарахгүй байгаасай гэж найдаж байлаа.
Эцэст нь тэр Хэрцгий Харцыг дуудаж, бүсэндээ зүүв.
...Одоо бүх бэлтгэл дууслаа.
Дуулганы нарийхан завсраар доош ширтэн Санни санаа алдлаа.
Одоо бүх зүйл түүний тэсвэр хатуужил, аз... мөн Сүүдрийн Мөн Чанарын нөөц хэр гүн байхаас шалтгаална.
---
Хөх тэнгэрийн тухай дурсамж хүртэл хүрч чадахгүй хоосон орон зайн тас харанхуйд хагарсан эрдэнэсийн авдар төөнөх цагаан дөлний далай руу эрчимтэй унаж байлаа.
Авдрын доод тал нь догшин гэрэлд умбаж, таг нь хамгийн гүн харанхуйд живжээ. Уугиж буй модноос нь утааны нарийн судлууд аажмаар дээш хөөрч, түүнийг бэхэлсэн төмөр бүслүүрүүд улбар шар өнгөөр туяарч эхлэв.
Сүүдэр болон хувирч, үхсэн Ад зэтгэрийн таган дээр дахин нуугдсан Санни одоохондоо зүгээр байлаа. Эрдэнэсийн авдар сүйрэх хүртэл тэр тэнгэрлэг дөлний гэрэлтэй шууд хүрэлцэхээс хамгаалагдана.
Гэхдээ Элэглэгчийн цогцос хэр удаан тэсэх бол?
Гэвч тэр өөр зүйлийн тухай бодож байлаа. Илүү аймшигтай зүйлийн тухай.
'Цоорхой... энэ хараал идсэн цоорхой! Би түүнээс зөрөх нь!'