508-р бүлэг : Сүүдрүүдийн тулаан
Курт аймшигтай хурдтай хөдөлж, тулааны талбайн төвөөс Санни, Мастер Жет хоёрын зогсож байсан эхний эгнээний суудал хүртэлх зайг нүд ирмэхийн зуур тууллаа.
Түүний хөдөлгөөнийг харахад л сүнсний цөм нь аль эрт бүрэн ханасан нь ойлгомжтой байв. Тэр үнэхээр хүчирхэг Сэрэгч байлаа.
...Гэсэн ч Дурсамжаа дуудах хэмжээний хугацаа байсангүй.
Жетийн гарын эргэн тойронд цагаан очнууд цугларч жад болон хэлбэржиж эхэлсэн ч Курт аль хэдийн түүн дээр хүрч иржээ. Куртын нэг гар урагш огцом шидэгдэж, үл мэдэг гялбаатай хачин хайлшаар хийгдсэн хутга яг л хоосноос бий болсон мэт гарт нь үзэгдэв.
Гэхдээ тэр хутга гэнэт гарч ирэхэд ямар ч ид шид оролцоогүй байлаа. Хутга ердөө л түүний шууны нууц хуйнд нуугдсан байсан юм.
Мэдээж Мастер Жет хавьгүй хурдан байв. Тэр хутганы цохилтыг биедээ хүрэхээс нь өмнө хааж чадсан боловч яг сүүлчийн мөчид Курт бугуйгаа эргүүлэн хутганы ишийг тавьж, түүнийг Жетийн хажуугаар нисгэн өнгөрүүлэв.
...Яг Санни руу.
Түүнд хариу үйлдэл үзүүлэх бараг хугацаа байсангүй.
Хэрцгий Харц дуудагдаж дуусаагүй байсан тул Санни нөгөө гараараа хутгыг цохиж холдуулахыг оролдов. Гар нь огцом хөдөлсөн ч дараа нь гэнэт зогсов.
'Үгүй, буруу!'
Хэтэрхий оройтож Санни хутга түүний бие рүү чиглээгүйг ойлгов.
Тэр хутга түүний сүүдэр лүү чиглэж байлаа.
Алуурчны зорилгыг буруу ойлгосноосоо болж үнэтэй цаг алдсан тул биеэ хөдөлгөн сүүдрээ аюулаас гаргах боломж аль хэдийн үгүй болсон байв.
Азаар Саннигийн сүүдэр өөрөө хөдөлж чаддаг байлаа.
Тэр гэнэт Саннигийн хөдөлгөөнөөс салан үсэрч холдсоноор хутга шаланд шигдэж, бат бөх нийлэг модон хавтангуудыг ан цавын тороор бүрхэв.
Цочирдсон Санни сая л ухран үсрэв.
'Энэ чинь юу вэ...'
Өөр ямар ч Сэрэгч байсан бол тэр овжин дайралтад амиа алдах байсан биз. Харин Куртын азгүйтэл нь тэр сүүдэртэй холбоотой бүхнийг сайн мэддэг тулаанчтай таарсан явдал байлаа.
Хэдхэн алхмын цаана Мастер Жет хамгаалалтаа аль хэдийн дайралт болгон хувиргажээ. Түүний нударга яг л агшин зуур шилжсэн мэт урагш цойлж, агаарыг тийм хүчтэй зүссэн тул газар доорх тулааны талбайгаар жижигхэн цохилтын долгион тархав.
Гэвч Курт аль хэдийн зайгаа авсан байлаа. Хутгаа шидмэгцээ тэр биеэ мөн чанараар дүүргэн ухасхийж, хилэн суудлуудыг хэмлэн нэвт гарч, хормын төдийд арваад метрийн цаана гарч ирэв. Хөл нь газарт хүрэнгүүтээ тэр дахин хөдөлж, хажуу тийш огцом ухасхийлээ.
Үүний зэрэгцээ дахиад гурван хутга аймшигтай хурдтайгаар Мастер Жет, Санни хоёр руу нисэв. Тэдний зорилго нь алах ч биш, шархдуулах ч биш, ердөө л тэднийг саатуулах байлаа.
Нэг нь Дэвшсэн рүү, нэг нь Санни руу, сүүлчийнх нь түүний сүүдэр рүү чиглэжээ.
Санни хутганаас бултан, сүүдрээ биеэ бүрхэн ороолгоход хүч, хурд нь улам нэмэгдэж буйг мэдрэв. Тэр урагш дайрч, эцэст нь Хэрцгий Харцын иш гартаа бий болохыг мэдэрлээ.
'Муу зүйл алга.. алга.'
Жетийн дуу энэ бодлыг нь тас цавчив.
"Болгоомжтой! Тэр ямар нэгэн юм төлөвлөж бай..."
Тэр өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байтал Куртын нүүрэнд бараан инээмсэглэл тодров.
Дараагийн мөчид асар том зүйл шалны банзыг хагалан гарч ирж, Жетийг цохихыг оролдлоо.
Эрлэгийн элч дайралтаас төвөггүй бултан хойш үсэрч, дараа нь гэнэт эргэн хөдөлснөөр сүүдэр нь жижгэрэв. Дөрөв дэх хутга хоосноос гарч ирэн, түүний сүүдэр дөнгөж сая байсан газарт шалан дундуур шигдлээ.
Курт хэлээ ташив.
"...Ямар яршигтай юм бэ."
Харин Санни шалны доороос мөлхөн гарч ирсэн тэр зүйл рүү ширтэж байлаа.
Элэгдэж урагдсан ноорхойн овоолго шиг харагдах тэр биетээс хэтэрхий олон үе мөчтэй хоёр урт гар ургаж, гар бүрийн үзүүрт аймшигтай тахир гурван сарвуу байв. Асар өндөр тэр амьтан бүдэг бадаг хүний хэлбэртэй, өргөн мөртэй, жижигхэн толгой нь урагдсан юүдэнгээр халхлагджээ.
Санни өөрийн тэнэглэлд уур хүрэв.
'Сүүдрийн хувилбар... хараал ид, мэдээж тэр Сүүдрийн хувилбартай!'
Үгүй бол тэр новш яагаад Нядлагын газар болон газар доорх тулааны талбайд байнга ирэх билээ?
Гэхдээ нэг зүйл нийцэхгүй байв. Тэр амьтан Саннигийн харж байсан ямар ч Идэвхгүй араатантай адилгүй харагдаж байлаа. Тааварлах хэрэг гарвал тэр дор хаяж Нүгэлт Зэрэглэлтэй, бас ноорхой биеийнхээ дотор дор хаяж гурван сүнсний цөмтэй гэж мөрийцөхөд ч бэлэн байв. Магадгүй түүнээс ч олон...
Тулааны талбай чинь Идэвхгүй Сүүдрийн хувилбаруудад зориулагдсан биш бил үү?
Куртын гарт харгис муруй сэлэм гарч ирэхэд Санни хариултаа оллоо.
Дахин гурван Хар дарсан зүүдний мангас сүүдрээс гарч ирэв. Эдгээр нь ядаж Нүгэлт биш бололтой. Гэхдээ Араатан уу, Мангас уу гэдгийг нь тэр мэдэхгүй байв. Зөвхөн бүгд тун аюултай харагдаж байлаа. Нэг нь хар хитин хуягаар бүрхэгдэж, хөрөө шиг иртэй урт сүүлтэй бөгөөд үзүүрээс нь хорт дуслууд унаж, шалан дээр утаа уугиж буй нүх гаргаж байв. Нөгөө нь хүн болон цонхигор жаран хөлтийн жигшүүрт эрлийз мэт харагдаж, мөчүүд нь ясан зүү шиг нарийн бөгөөд тоо томшгүй олон байлаа. Сүүлчийнх нь бугуйндаа хурц хутга оёулсан утсан хүүхэлдэйтэй адил байв.
Дөрвөн Сүүдрийн хувилбар Мастер Жетийг бүслэн авав. Өөр хүн байсан бол Санни санаа зовох байсан биз. Харин Эрлэгийн элч огтхон ч түгшсэнгүй. Тэр ердөө л жадаа өргөн бараан инээмсэглэл тодруулахад газар доорх тулааны талбайн агаар гэнэт яс хавтрам хүйтэн болов.
Тэр дөрвөн Сүүдрийн хувилбартай нэг нь Нүгэлт Чөтгөр эсвэл түүнээс ч хүчтэй байсан ч нэг их хүндрэлгүй харьцаж чадах биз.
Гэхдээ тэр тулалдахын зэрэгцээ сүүдрээ бас анхаарч чадах болов уу? Хүмүүс тийм зүйлд төрөлхийн дадалтай байдаггүй шүү дээ...
Хар дарсан зүүдний мангасууд дайрах үед Курт бүжиглэх мэт хөдөлсөн сүүдрүүдээр өөрийгөө хүрээлүүлэн урагш ухасхийв. Харин Санни ердөө ганц алхам ухарч, дараагийн агшинд түүний өмнө гарч ирлээ.
Эцсийн эцэст тэр новш сүүдрээ хэдий чинээ их ашиглана, Санни түүнд хүрэх төдий чинээ амархан болдог байв.
Санни алуурчны нүдэнд гайхшралын оч гялсхийхийг анзаарч, Хэрцгий Харцыг доош буулгав.
Яг одоо тэр бараан Дурсамж богино сэлэмний хэлбэртэй байсан тул тэдний хоорондох бараг байхгүйтэй адил зай ямар ч асуудал болсонгүй.
Яаж ийгээд Курт мөнгөн ирнээс бултаж, муруй сэлмээрээ Санни руу цавчив. Тэр гайхалтай хурдан байсан ч Санни түүнээс бүр ч хурдан байлаа. Тэр Хэрцгий Харцыг хөдөлгөн цохилтыг бараг хүчин чармайлтгүй хаав.
'Амархан...'
Яг тэр мөчид Мастер Жетийн үг толгойд нь цуурайтав...
Ганцхан алдаа л хангалттай.
Тийм ээ... Санни үүнийг хэнээс ч илүү мэддэг байлаа. Ихэвчлэн энэ үхлийн үнэнийг тэр өөрөө ашиг хүртэж, дайсныхаа алдааг ашиглан тэднийг унагадаг байсан.
Гэвч энэ удаад нөхцөл байдал эсрэгээрээ эргэжээ.
Ар талд нь ямар нэгэн зүйл чих дүжиртэл хагарч, шаналлаар дүүрэн архираан сонсогдохтой зэрэгцэн Куртын нүдэнд ялалтын оч гялалзав. Үүний зэрэгцээ түүний сүүдэр гэнэт хөдөлжээ. Муруй сэлэм аль хэдийн хаагдсан байсан ч сүүдрийн гар дахь хар тусгал нь Саннигийн мах руу үргэлжлэн хурдтай ойртсоор байв.
Гэвч түүнийг огтолж амжихаас нь өмнө Хэрцгий Харцын ир гэнэт нүд гялбам туяагаар дүрэлзэн, газар доорх тулааны талбайг цэвэр нарны гэрлээр дүүргэлээ.
Санни [Гэрэл Залгигч] шидийн сайжруулалтыг идэвхжүүлсэн бөгөөд энэ нь гэрлийг шингээж, буцаан цацах чадвартай байв.
Түүний гэрэл театрыг гэрэлтүүлж байсан дэнлүүнээс хавьгүй хурц байсан тул Куртын сүүдэр гэнэт хол шидэгдэн, түүний ард, Саннигаас хол гарч ирэв.
Алуурчны туранхай нүүрэнд цочрол тодорч, тэр гэрэлтсэн богино сэлмээс зай авахын тулд хурдан ухран үсэрлээ. Гэвч тэр сэлэм аль хэдийн түүний зүрх рүү нисэж байв.
Гэвч Хэрцгий Харцын иш гэнэт сунаж, жадны иш болон хувирлаа.
Курт юу ч хийж амжаагүй байтал мөнгөн ир хуягийг нь нэвт сүлбэн цээжинд нь гүн шигдэв.
Тэр итгэж ядсан харцаар амаа ангайв. Гэвч ямар нэгэн үг амнаас нь гарахаас өмнө жадны үзүүр хурц цагаан халуунаар дүрэлзэж, алуурчны бие гэнэт цагаан дөлөнд бүрхэгдэв.
Хэдхэн секундын дараа тэр үнс болон замхарлаа.
Санни санаа алдав.
[...Та Сэрэгч хүн Куртыг хөнөөлөө.]
[Таны сүүдэр улам хүчирхэг боллоо.]
'Ямар харамсалтай юм. бэ.. Нэг сүүдэр хэрэглэгчээс ганцхан хэлтэрхий л авна гэж бодоогүй.'
Гэвч Хар дарсан зүүдний Хараал яриагаа дуусгаагүй байлаа.
[Та Сүүдрийн хувилбар хүлээн авлаа.]