589-р бүлэг : Харанхуй Толь
Хэсэгхэн хоромд Саннигийн зүрх хүндэрч, оюун санааг нь алуурчин мэт харанхуй эзэмдэв. Тэр өөрөөс дахиад л урвасан гэж бодлоо...
Хоёр ертөнцөд түүний Дутагдлын нууцыг мэддэг хүн тун цөөхөн байв. Нефис бол тэдний нэг байсан ч тэр хол байлаа. Кай, Эффи хоёр таамаглаж байсан байх. Гэхдээ тэд Санни энэ талаар ярихыг хүсдэггүйг хүндэтгэн дуугүй үлдсэн.
Тэгэхээр зөвхөн Касси л үлдэж байлаа.
Яг одоо Шөнийн Сүмд байсан, бас өмнө нь нэг удаа түүний эсрэг эргэсэн Касси...
Гэвч жаахан бодоод үзэхэд Санни түүний Аспектийн талаар мэддэг өөр нэгэн оршнол байсныг саналаа. Ганц асуудал нь тэр оршнол аль хэдийн маш, маш удаан хугацааны өмнө үхчихсэн байв.
Толин Араатан.
Тэр Дэвшсэн Тусгал түүний Аспектийг хуулбарласан болохоор ямар нэгэн байдлаар харсан нь гарцаагүй. Бас Мордреттой Кассигаас хавьгүй гүн холбоотой байсан.
Хоосролын Ханхүү өмнө нь Сүүдрийн Боол Аспектийн талаар бүгдийг мэддэггүй байсан гэдэгт Санни итгэлтэй байлаа. Доод Тэнгэрийн ангалд байхдаа Мордрет өөрөөрөө аль хэдийн мэдчих байсан зүйлс дээр чин сэтгэлээсээ гайхаж, сонирхож байсан.
Тэгэхээр... тэгэхээр тэр энэ мэдээллийг толины хэлтэрхийг Шөнийн Сүмд авчирсны дараа л олж авсан байх магадлалтай. Бас энэ нь Толин Араатны мэдсэн, тухайн үед үнэн байсан зүйлсийг л мэддэг гэсэн үг. Хэрэв энэ таамаг зөв бол Санни Мордретын мэдлэгийн цоорхойг өөрийн давуу тал болгож ашиглаж болох байлаа.
...Эсвэл тэр буруу бодож байсан бөгөөд Касси үнэхээр дахин урвасан байж ч мэднэ.
Олон зүйл Кассид дахин итгэхэд бэлэн эсэхээс нь шалтгаална. Магадгүй түүний амь хүртэл.
Санни хөмсгөө зангидан тайван өнгөөр хэлэв.
"Чамд их хөгжилтэй байгаа бололтой. Тэгэхээр... би хэн ч байсан тэр Астерионтой ямар ч холбоогүйг одоо мэдчихсэн болохоор өмнөх төлөвлөгөөгөө өөрчилж, намайг зүгээр орхих уу?"
Мордрет инээд алдав.
"...Чи өөрөө юу гэж бодож байна?"
Санни санаа алдав.
"Үнэнийг хэлэхэд би одоо юу бодохоо ч мэдэхээ байжээ. Ялангуяа чиний тухайд... чи үнэхээр овжин новш, мэдэж байгаа биз? Өө, гэхдээ үүнийг доромжлол гэж битгий ойлгоорой. Над шиг хүнээс гарч байгаа болохоор үнэндээ магтаал шүү."
Хоосролын Ханхүү толгой сэгсрээд дахиад нэг алхам урагшлав.
"Толинд зөвхөн өмнө нь байгаа зүйл л тусдаг, Санлесс. Миний өмнө байгаа зүйлс хэрцгий, бузар, хуурамч байдаг нь миний буруу гэж үү? Би тэгж бодохгүй байна... гэхдээ дахиад бодоход магадгүй мөн ч байж болох юм. Аль нь ч байсан надад хамаагүй. Хэрэв хүсвэл надад хэрэг болохуйц хүн болж төрсөн азгүй хувь тавилангаа буруутга."
Түүний нүдэнд ховсдом улаан туяа дүрэлзэн асаж, Санни нүдээ аниатай байсан ч гэнэт бие нь хүндэрч, булчингаас нь хүч урсан гарч байгааг мэдрэв. Тэр ганхан Хэрцгий Харцаар өөрийгөө түшихэд хүрлээ.
"Аргх! Хү... хүлээ... эхлэхээсээ өмнө надад сүүлчийн нэг асуултад хариулаач..."
Мордрет инээмсэглэв.
"...Мэдээж. Яагаад болохгүй гэж. Юу мэдмээр байна?"
Санни үг хэлэх гэж хичээж байгаа мэт түүртэв. Ам нь ангайлаа...
Гэвч юм хэлэхийн оронд шууд довтоллоо.
Хоосролын Ханхүү энэ бяцхан мэхэнд хөгжилдөн инээв. Түүний сэлэм Хэрцгий Харцын ирийг тосон цахилан урагшлав.
Гэвч дараагийн агшинд инээд нь гэнэт тасарлаа.
---
Мордреттой хийх тулаанд өөртөө ямар ч боломж байхгүй гэдэгт Санни хууртаж байсангүй... тэр тусмаа тэр новш хүчирхэг Мастерын биеийг эзэмшсэн, дээрээс нь дайснаа сулруулж өөрийгөө хүчирхэгжүүлдэг Аспекттэй байхад.
Гэхдээ нөгөө талаар Санни хэзээ шударгаар тулалдаж байсан юм бэ?
Эхнээсээ л тэр цөлөгдсөн ханхүүг үл мэдэг залах ажлаа эхлүүлсэн байв. Түүний ухарсан алхам бүр хоёуланг нь зөв байрлалд оруулахын тулд байлаа. Хэрцгий Харцыг барьсан өнцөг хүртэл Мордрет зөвхөн Саннигийн харуулахыг хүссэн зүйлийг л толин ирэн дээр нь тусгахаар нарийн тооцоологдсон байв...
Өөрөөр хэлбэл Мордретын харах ёсгүй зүйлийг тусгахгүй байхаар.
Тэгээд довтолсон мөчид түүний бүх чармайлт эцэстээ үр дүнгээ өглөө.
...Учир нь эцсийн эцэст тэр Кассид итгэхээр шийдсэн байв.
Сохор охин танхимын үүдэнд, цөлөгдсөн ханхүүгийн ард чимээгүйхэн гарч ирлээ. Нүдийг нь мөнгөн хагас баг халхалсан хэвээр байсан ч өнгөлсөн ган хуяг, шөнө дундын хөх нөмрөг нь алга болжээ. Харин оронд нь танил хөнгөн өмсгөл, далайн давалгааны өнгөтэй нөмрөг өмссөн байв.
Энэ бол Нефисийн түүнд бэлэглэсэн Дурсамж байлаа. Өөрчлөгдөж буй Од Анхны Хар дарсан зүүдэндээ Сэрсэн Аюулыг устгасны дараа олж авсан Дурсамж. Эзэмшигчийг нь дайснууд төдийлөн анзаарахгүй байх Шидийн сайжруулалттай хуяг.
Анзаарагдалгүйгээр Касси өвдөг сөхрөн өмнөө ямар нэгэн зүйл тавив.
Тэр нь том модон хайрцаг байлаа. Гадаргуу дээр нь үзэсгэлэнтэй мөртлөө толгой эргэм нарийн хээ сийлжээ. Таг нь бүрэн хаагдаагүй, ирмэгээсээ хэдхэн миллиметр сөхөгдсөн хэвээр байв.
Санни инээмсэглэлээ арай ядан дарлаа.
'Сайн бодож...'
Тэр хайрцаг төлөвлөгөөний нэг хэсэг байгаагүй ч ашигтай боломж гарч ирэхэд Касси төлөвлөгөөгөө өөрчилсөн бололтой.
Хэрцгий Харцын ир Велтегийн сэлэмтэй мөргөлдөх агшинд сохор охин тагийг шүүрэн авч онгойлгоод... сүнсний мөн чанараа хайрцаг руу юүлэв.
Дотор нь байсан толин урхи өнгөлсөн мөнгөн ялтсуудаар бүрхэгдсэн бөгөөд ялтас бүр эсрэг талынхаа ялтсыг тусган, төгсгөлгүй толины төөрдөг байшинг үүсгэж байлаа. Гадаргуу дээрх хээ бүдэг гэрлээр туяарав.
Мордрет ганхаж, инээд нь тасарлаа. Гар нь гэнэт суларсан мэт болов.
Санни сэлмийг нь амархан зайлуулж, жадаа урагш хатган тулааныг нэг л хэрцгий цохилтоор дуусгахыг зорив. Гэвч Хоосролын Ханхүү бууж өгөөгүй байлаа.
Тэр арагш ухарч, үхлийн цохилтоос арайхийн бултав. Хэрцгий Харцын үзүүр Велтегийн маханд нэвтэрсэн ч шарх нь үхлийнх биш байв. Дараагийн мөчид Мордрет холдон ухарч, ганхсаар сэлмээ хамгаалалтын байрлалд өргөв. Түүний харц модон хайрцаг руу гүйлээ.
"Тэр хараал идсэн юм..."
Цус хажуугаар нь урсаж байсан ч цөлөгдсөн ханхүү тоосон шинжгүй.
Санни ч мөн адил. Тэр урагш дайрч, дээрээс цавчих мэт хуураад түүнийгээ хурдан хатгалт болгон хувиргав. Толин урхи Мордретыг хэр удаан удаашруулахыг хэн мэдэх билээ? Валорын хүчнийг удаан тогтоож чадаагүй шүү дээ. Энэ тулааныг аль болох хурдан дуусгах хэрэгтэй...
Мордрет асар их хүч гарган байж довтолгоог арайхийн хаав. Уруул нь үл ялиг татвалзлаа.
"Хөөе, Санлесс... чи... очоод тэр хайрцгийг устгаач?"
Санни урагш шахан хоорондын зайг ойртуулахын зэрэгцээ Хэрцгий Харцыг сэлэм болгон хувиргав. Тэр агаарыг зүсэн цахилсан ч дахиад л хаалгав. Хүч нь ингэтлээ сулраад байхад ч ханхүү аймшигтай тулаанч хэвээр байлаа.
Мордрет шүдээ ярзайлгав.
"Үгүй юу? Аан... гэхдээ би шаардаж байна. Очоод тэр бяцхан зөнчөө алаач..."
Түүний нүдэнд хорлонтой хөгжил тодров.
"...Гэрлээс төөрөгч? Энэ чинь чиний Жинхэнэ нэр мөн биз дээ? Хийгээрэй!"
Санни хөшиж орхив. Сэлэм нь чичирлээ.
Дараа нь царай нь сүнс харсан мэт цонхийн, хүүхэн хараа нь аймшгаас тэлэхэд тэр аажмаар эргэж Касси руу харав. Уруулаас нь үл таних хачин чимээ гарлаа.
Мордрет инээмсэглэн хамгаалалтаа үл ялиг сулруулав.
...Яг тэр мөчид Хэрцгий Харц түүний бие рүү харван, нарийн сэлмийн хажуугаар төвөггүйхэн гулсан өнгөрөв.
Санни ёжтой инээмсэглэв.
"...Чи өөрөө там руугаа тонил. Надад аль хэдийн эзэн байгаа."