586-р бүлэг : Хүйтэн Ган
Санни өөрт байгаа бүхнээ ашиглаж, төсөөлөхийн аргагүй хурд, авхаалж, нарийвчлалтайгаар хөдөлж байлаа. Сүүдрийн мөн чанар болон Нэхэгчийн шантрашгүй цус түүний биеэр урсан, булчинг нь ийм хүнээс давсан ачааллыг даах хүч, тэсвэрээр хангаж байв.
Түүний оюун ухаан дүрэлзэн асаж, эргэн тойрон болон дайсны хөдөлгөөн бүрийн мэдээллийг залгин, аянга мэт хурдан шийдвэр гаргаж, тоолж баршгүй боломжит нөхцөлүүдийг урьдчилан тооцоолж, үүний зэрэгцээ тулаанд хатуужсан Мастерын нарийн төвөгтэй тулааны хэв маягийг судалж байлаа.
...Тэгсэн ч тэр Пирсийн тасралтгүй дайралтын дор арай ядан амьд үлдэж байв. Хором мөч бүрт тэр үхлээс ердөө хормын төдий л зайтай байлаа.
Валорын хүлэгт баатар дэндүү хүчирхэг, дэндүү чадварлаг, дэндүү давамгай байв. Түүний хүйтэн нүдэнд тооцоотой харгислал, төмөр мэт хүйтэн аллагын хүсэл дүүрэн байлаа. Туршлагатай ангууч арчаагүй олзоо мөрдөх үеийнх шиг тайван бөгөөд төвлөрсөн харц.
Харамсалтай нь тэр олз нь Санни өөрөө байлаа.
'Там гэж!'
Түүнд тохиолдож байсан юу ч түүнийг үүнд бэлдээгүй. Санни өөрөөс нь илүү хүчтэй, хурдан олон дайсантай тулалдаж байсан ч хүний эсрэг тулалдаанд ингэж бүх талаараа дарагдаж байгаагүй... тэр дундаа ихэнх Хар дарсан зүүдний мангасаас ялгаатай нь хурц ухаан, овжин заль, өөрсдийн төрлийн хамгийн аюултай зэвсэг болсон тулааны ур чадварыг эзэмшсэн хүний эсрэг.
Магадгүй зөвхөн Валорын Морган л ийм байсан... гэхдээ тэр хүчээ барьж байсан бөгөөд тэднийх үнэндээ амь өрссөн тулаан биш байлаа.
Санни, Пирс хоёр цусаар будагдсан чулуун шалан дээр мөргөлдөж, тэдний зэвсэг агаарыг тийм хурднаар зүсэн өнгөрөхөд араасаа бүдэг дүрс үлдээж байв. Металлын харшилдах чимээ гунигт танхимыг дүүргэж, зүүн талаас сонсогдох ширүүн тулааны чимээтэй холилдоно.
Тэнд хоёр өөр төмөр шуурга догшин ширүүсч байлаа. Нэг нь Мордрет, Велте хоёрын эргэн тойронд, нөгөө нь түүний Сүүдрүүд аймшигт Мастерын Сүүдрийн хувилбаруудтай тулалдаж буй газарт өрнөж байв.
Санни тийшээ харах завгүй байсан ч Гантиг Гэгээнтний бамбай дээр ир тасралтгүй бууж буй жингэнэх чимээг сонсож байлаа. Цохилт дэндүү олон байсан тул бүгд нийлээд гангийн аймшигт, тасралтгүй магтаал мэт нэгэн урт чимээ болон сонсогдоно. Тэр Хар дарсан зүүдний Хараалын дууг хараахан сонсоогүй тул Сүүдрийн хувилбаруудаас нэг нь ч устгагдаагүйг мэдэж байлаа.
Сүүдрүүд ч мөн бүрэн бүтэн хэвээр... хэдий тэд зүгээр үү, шархадсан уу, эсвэл үхлийн ирмэгт байна уу гэдгийг тэр мэдэхгүй байсан.
Тэр Пирсийн хурдан урт сэлмийн дахин нэг цохилтыг зайлуулж, дараа нь Хэрцгий Харцын ишний үзүүрийг дайсны нүүр лүү саван цохив. Дуулгатай байсан ч ийм цохилт багагүй хохирол учруулах ёстой...
Пирс тэр цохилтыг тайван хүлээн авч... өчүүхэн ч ганхсангүй. Харин ч урагш дайран мөрөөрөө Санниг мөргөж, түүнийг хол шидэв.
'Муу хараал идсэн новш! Энэ новш чинь чулуугаар хийгдсэн юм уу?!'
Санни агаарт биеэ эргүүлэн хөл дээрээ газардаж, амандаа цусны амтыг мэдрэв. Тэр мөргөлт чулуун ханыг ч бут цохих хүчтэй байлаа.
Харин түүний хатуужсан яс хугарсангүй.
Шүдээ зуун тэр даруй байрлалаа сольж, хүчтэй хатгалтаас бултан, жадаа дайсан руу буулгав.
'Зүгээр... зүгээр байна... удаан амьд байх тусам түүний хэв маягийг илүү ойлгоно... илүү ойлгох тусам улам удаан амьд үлдэнэ...'
Тэд хоёул эргэлзээ, тээнэгэлзээ, сул дорой байдлын өчүүхэн ч шинжгүйгээр догшин тулалдлаа. Тийм ээ, Санни залуу, хүч чадал багатай... гэхдээ тэр ч бас чадварлаг, туршлагатай. Тэр ч бас харгис, овжин.
Тэр өөрөө ч алуурчин.
Пирс хэд хэдэн хүнд цохилт онож, Саннигийн бүх биеийг доргиож чаджээ. Үхэшгүй Гинж тогтоон барьсан ч доорх бие нь хөхөрч, няцарсан байлаа.
Гэсэн ч Санни хүлэгт баатрын хамгаалалтыг хэдэнтээ нэвтлэн өөрийн цохилтуудыг хүргэж чадсан. Харин үр дүн нь тун хангалтгүй байв. Хэрцгий Харцын үзүүрийг дайсны хуягны ан цаваар нэвт хатгаж чадсан ч мангасын арьсыг зүсэх гэж байгаа мэт санагдана. Тэр новшийг ердөө үл ялиг түлж, хэдхэн дусал цус урсгаж чаджээ...
Яагаад тэнгэрлэг дөл байх ёстой шигээ сүйтгэгч биш байгаа юм бэ? Энэ мангасад юу болоод байна?!
Пирс түүнийг түлхэн холдуулж, өнгөцхөн шарх руугаа нэг харснаа үл тоомсорлосон мэт бараан инээмсэглэв.
"...Чиний чаддаг зүйл ердөө энэ үү? Хангалтгүй... өчүүхэн харх минь, энэ хаанаа ч хүрэхгүй."
Санни архирлаа.
"Амаа тат! Гэнэт амьсгаагаа үрэх завтай болчихов уу?!"
Ингээд тэр дахин довтолж, энэ удаа толин ирний шидийн сайжруулалтыг дүрэлзсэн дөлнөөс үл үзэгдэх, зальтай сүнслэг хохирол болгон сольжээ.
Пирс архиран, тэр цохилтыг нэг их хүч гаргалгүй зайлуулав.
...Гэхдээ цаг нь бараг болж байлаа.
Мастер зориуд өрсөлдөгчийнхөө анхаарлыг сарниулж, уурыг хүргэхээр ярьж эхэлсэн тэр мөчид Санни Сүүдрүүдээ ажиглах хормын боломж олдов.
Сүнсний Могой нэг Сүүдрийн хувилбарыг устгахын даваан дээр ирчихсэн бөгөөд нөгөөг нь аль хэдийн шархдуулжээ.
Харин Гантиг Гэгээнтэн илүү хүнд байдалд байв. Зургаан өрсөлдөгчтэй нүүр тулсан тэр амжилттай сөрөг дайралт хийж чадахгүй байлаа. Түүнийг бүсэлсэн хэд хэдэн Сүүдрийн хувилбар хүнд шархадсан ч нэг нь ч үхлийн ирмэгт хүрээгүй бололтой.
Гэхдээ энэ угаасаа түүний даалгавар биш.
Үнэндээ Санни Гантиг Гэгээнтнийг Сүүдрийн хувилбаруудаас нэгийг нь ч устгахгүй байгаасай гэж хүсэж байлаа. Тэр бүгдийг нь бүрэн бүтэн хэвээр үлдээж, дуугүй хүлэгт баатар луу тасралтгүй дайруулахыг хүсэж байсан юм.
Түүний бамбай дээр улам олон цохилт буулгахын тулд.
Тэвчээрт Өшөө Авагч...
Өдийд түүний гадаргуу хилэнт улбар шар гэрлээр дүрэлзэн, хүйтэн гангийн цаана догшин дөл асаж байгаа мэт харагдаж байлаа. Нэг талаараа үнэхээр тийм байсан.
Нэгэн мөр Бичээс түүний ой тойнд тодров.
[Хүйтэн Ган] Шидийн сайжруулалтын тайлбар: "Энэхүү бамбай хүлээн авсан мөргөлдөөний хохирлын тодорхой хэсгийг хадгалж, эзэмшигчийнхээ өөр нэг зэвсгийг хүчирхэгжүүлэх эсвэл шатаах галын давалгааг суллаж чадна."
За... өдийд Тэвчээрт Өшөө Авагч галын далай суллахаар хангалттай мөргөлдөөний хохирол хураачихсан байлаа. Дахиад хэдхэн цохилт авахад л хэт ачаалалд орж, тэр бүх галыг гадагш цацна.
Санни ингэж бодож амжаагүй байхад дахиад хоёр цохилт бамбай дээр бууж, хилэнт улбар шар туяа улам тодрон аажмаар дүрэлзсэн цагаан өнгөтэй болов.
Яг одоо Гантиг Гэгээнтэн бас Цуст Сакураг зүүсэн байлаа. Эргэн тойронд тасарсан цогцсууд хөглөрч байсан тул түүний шидийн сайжруулалт аль эрт дээд хязгаартаа хүрч, Сүүдрийн барьж буй бүх Дурсамжийг хязгааргүй хүчээр тэтгэж байв.
Санни Пирсийн цохилтыг хааж, түүний хүчнээс болж гар нь салганан арагш гулсав.
Үүний зэрэгцээ Гантиг Гэгээнтэн эргэн, дахин хоёр сэлмийг бамбайгаараа зайлууллаа. Одоо бамбайн гадаргуу бараг бүхэлдээ цагаан болсон байв.
'Бараг боллоо... х-хараал ид...'
Санни оюун санаагаараа тушаал өгч, Гантиг Гэгээнтнийг хүчирхэгжүүлж байсан сүүдэр гоолиг чөтгөрийн биеэс урсан гарч, догшин гялалзах бамбай руу шилжив.
Тэвчээрт Өшөө Авагч дээр дахин нэг цохилт буув.
Гантиг Гэгээнтэн мөрөөрөө түшихдээ бэлтгэлээ.
'Новш!'
...Дараагийн мөчид ариун сүмийн дотоод хэсгийг бүхэлд нь донсолгосон аймшигт дэлбэрэлт болов.