381-р бүлэг : Цагаан Өд овгийн Роан
Хангарьд цагаан далавчаа хумиад доош шумбан бууж, газарт ойртохдоо дахин дэлгэн уналтаа сааруулав. Хүчтэй салхины шуурганд босож ирсэн тоос шорооноос нүдээ хамгаалахаар Санни гараараа халхлав.
'...Хүчтэй юм.'
Сүрлэг араатан үл мэдэг гэрлээр туяаран гялалзаж, дараа нь цагаан очны бороо болон сарнин замхрав. Ингэснээр унаач нь газарт хөнгөн шалмаг газардаж чадлаа. Тэр даруй тэнцвэрээ сэргээн цэх зогсоод Санни руу эргэн харав.
Түүний өмнө зогсох эр өндөр нуруутай, өргөн хүчирхэг мөртэй нэгэн байлаа. Танихын аргагүй нэгэн мангасын адамантан хайрсаар урласан хөнгөн хуяг өмсөж, хүзүүндээ цэнхэр ороолт хайхрамжгүй гэх чинь ороосон байв. Үс нь сүрэл мэт шаргал өнгөтэй, эршүүд сахал нь ч мөн адил.
Үл таних эрийн нүд хурц цэнхэр өнгөтэй бөгөөд аюултай гэмээр гярхай ажигч байлаа.
Санни хэсэг түүн рүү ширтэж зогссоноо нүүрээ нуун хүндэтгэлтэйгээр бөхийв.
"Мастер Роан."
Үнэхээр түүний өмнө зогсож буй хүн бол Цагаан Өд овгийн Дэвшсэн нэгэн Роан, Гинжлэгдсэн Арлууд дахь ердөө гурван Мастерын нэг мөн байлаа.
Ядаж л... магадгүй гуравхан байсан байх.
Мартагдсан Эргээс ялгаатай нь Зүүдний ертөнцийн энэ бүс хэд хэдэн Гарцтай байв. Тэдгээрийн хоёрыг нь хүмүүс олж, эзлэн авч, Цайз болгон хувиргажээ. Санни ч бай, Мастер Роан ч бай, Гинжлэгдсэн Арлуудын бараг бүх хүн ч бай, эдгээрийн нэг болох Ноктисын Ариун Дагшин Газарт харьяалагддаг байлаа. Тэрхүү Цайзыг агуу Валор овгийн харьяалал бүхий овгуудын нэг болох Цагаан Өд овог захирдаг байв.
Хоёр дахь Цайз нь нэлээд нууцлаг. Тэр нь бүс нутгийн хамгийн захад, аймшигт Хөндий уулсын ойролцоо орших бөгөөд шууд Валорын мэдэлд байдаг аж. Зөвхөн агуу овогт үнэнчээр зүтгэдэг хүмүүс л түүний Гарцад Зангуугаа тогтоодог тул тэнд юу өрнөдөг, Цайзад байрласан Сэрэгсэд хэр хүчирхэг болохыг Санни огт мэддэггүй байлаа.
Гэхдээ Мастер Роаны тухай бол бага зэрэг мэднэ.
Эцсийн эцэст тэр Гинжлэгдсэн Арлууд дундах цорын ганц Гэгээнтэнтэй гэрлэсэн хүн шүү дээ!
...
Роан Санниг толгойноос нь хөл хүртэл ажигласнаа найрсгаар инээмсэглэв.
"Бид хоёр өмнө нь танилцаж байсан бил үү?"
Санни толгой сэгсэрлээ.
"Үгүй ээ, эрхэм ээ. Бид өмнө нь уулзаж байгаагүй. Би дөнгөж хоёр сарын өмнө л Сэрсэн болохоор... аан... Гинжлэгдсэн Арлуудад шинээр ирсэн."
Бадриун Мастер толгой дохисноо Саннигийн цагтаа арлын ирмэгээс шидэж амжаагүй үлдсэн Нүгэлт чонын сэг рүү харав. Дараа нь түүн рүү дахин эргэхэд нь цэнхэр хурц нүдэнд нь хэмжиж тунгаасан өнгө тодров.
"Тэр араатныг чи алсан юм уу?"
Санни хэсэг азнан зогссоноо толгой дохив.
"Тийм ээ. Би... хааяа их азтай байдаг юм."
Өндөр эр толгой сэгсэрлээ.
"Энэ бол Нүгэлт Араатан... аан. Тэгвэл чи Санлесс байх нь. Мартагдсан Эргээс ирсэн."
Санни инээмсэглэв.
'Хараал гэж. Миний нэрийг мэддэг юм байна...'
Түүнд энэ ахимаг эрийн эсрэг ямар ч муу бодол байгаагүй. Гэвч тэр өөрийгөө аль болох танигдахгүй, бас дутуу үнэлүүлэхийг илүүд үздэг байлаа. Ялангуяа Өв залгамжлагчидтай харьцахдаа.
"Тийм ээ. Би мөн."
Мастер Роан бүх зүйл гэнэт учир нь олдсон мэт толгой дохисноо тэнгэр өөд түрхэн харлаа.
"Өгсөж буй арал дээр үлдэх нь аюултай гэдгийг мэдэж байгаа биз дээ? Яагаад одоо хүртэл энд байгаа юм?"
Санни хэсэг тээнэгэлзээд мөрөө хавчив.
"Би яг явах гэж байсан юм. Хажуугийн арал руу зугтах гэж байтал... та гэнэт гараад ирчихсэн, эрхэм ээ."
Өндөр эр санаа алдав.
"Тийм гэж бодож байна. Харин чи цаад араатан дээрээ бүх азаа үрчихсэн бололтой. Энэ аралтай холбогдсон гурван арал бүгд бас өгсөх мөчлөг дээрээ байгаа. Цагтаа хөдөлсөн ч чи зугтаж амжихгүй байсан."
Санни хэсэг түүн рүү ширтэхэд нүүрэнд нь барайсан төрх тодров.
'...Новш гэж.'
"Аан... таны тэр үзэсгэлэнт хангарьд яах бол, эрхэм ээ? Бид хоёрыг хоёуланг нь аюулгүй газар хүргэж чадахгүй гэж үү?"
Роан инээмсэглэв.
"Үнэхээр үзэсгэлэнтэй байгаа биз? Гэхдээ тэр нь хамаагүй. Онолын хувьд бид арлуудын доогуур шумбан Доод Тэнгэрээр дамжин зугтаж болно. Гэхдээ Гинжлэгдсэн Арлуудын харанхуй талд орших юмстай учрахыг чи хүсэхгүй л болов уу. Надад хүртэл тэднээс зайлсхийх нь дээр санагддаг."
"Тэгвэл бид яах юм?"
Санниг ингэж хэлэхэд өндөр эр чангаар инээлээ.
"Чи анхныхаа Няцлалтыг мэдрэх гэж байна даа, Санлесс. Гэхдээ санаа зоволтгүй шүү! Энэ арлын гинж нэлээд богино талдаа болохоор хэт өндөр өгсөхгүй...байж магадгүй. Хэрэв чи ухаан алдвал би чамайг Цайз руу буцаагаад авааччихна. Мэдээж бид амьд үлдвэл шүү дээ."
'Гайхалтай...'
Үнэндээ энэ Саннигийн анхны Няцлалт биш байлаа. Тийм ч учраас дахиж үүнийг мэдрэхийг огт хүсээгүй юм.
Гэвч түүнд өөр сонголт байсангүй.
Тэр санаа алдан, сүүдэрт нуугдаж байсан Чулуун Гэгээнтнийг буцаагаад үүргэвчээ тайлав. Дараа нь өвсний аль зөөлөн гэсэн хэсгийг хайн олж, дээр нь хэвтлээ. Ард нь Мастер Роан хайрсан хуягаа буцаан алга болгож, ороолтоо тайлаад бүсэлхийндээ уяв.
Няцлалтын үеэр хүний биед ирэх ачаалал бага байх тусам тэсэж үлдэх нь амархан, бас амьд гарах магадлал өндөр байдаг. Харин Хүүхэлдэйчний Нөмрөгийн ихэнх хэсэг нь зөөлөн даавуугаар хийгдсэн тул Санни тайлсангүй. Учир нь тэр Сүнсний Могойг ил гаргахыг ч, бас буцаахыг ч хүссэнгүй.
Аварга гинжнүүд нижигнэн дуугарч, нижгэнэн хангинаж, арал улам өндөр өгсөхөд тэд хоёул өвсөн дээр хэвтэн Няцлалтыг хүлээн бэлтгэлээ.
Мастер Роан Саннигийн туранхай биеийг, дараа нь өөрийнхөө булчинлаг хүчирхэг биеийг хараад атаархсан янзтай санаа алдав.
Гинжлэгдсэн Арлууд бол Зүүдний ертөнцөд дахь жижиг, хөнгөн биетэй байх нь давуу тал болдог цөөхөн газрын нэг байлаа.
"...Хэрэв ухаан алдах гэж байвал толгойгоо хажуу тийш нь эргүүлээрэй. Өөрийнхөө шүлс эсвэл бөөлжсөндөө хахаж үхэхийг лав хүсэхгүй биз дээ? Аан... ингэж бүдүүлэг ярьсанд уучлаарай, хүү минь."
Санни ярвайгаад ахимаг эрд нам дуугаар талархлаа илэрхийлэв.
Тэр аль хэдийн үл үзэгдэх нэгэн хүч өөрийг нь газар луу дарж байгааг мэдэрч байлаа.
'За за...там руу ороод гарах нь дээ.'
Түүний бодолд хариу өгсөн мэт үл үзэгдэх хүч гэнэт улам хүчтэй болж, аварга алх шиг түүн дээр буун цохив.