118-р бүлэг : Толин тусгал
Кайтай хошигносон нь магадгүй жаахан харгисдсан байж болох ч, нөгөө Нойрсогч залуугийн хэтэрхий төгс царай төрх Санниг үнэхээр бухимдуулж байлаа. Түүн дээр нь, тэрээр маш удаан хугацаанд өөр хүнтэй ярилцаагүй тул анхнаасаа л тааруу байсан харилцааны ур чадвар нь бүр ч зэвэрчихсэн байв.
Удалгүй тэд цайз руу очих гэж байсан болохоор, танихгүй хүмүүстэй ярих зайлшгүй мөчид өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Дутагдалаа хязгаарт нь тултал ашиглах нь сайн дасгал болно.
Дахиад л… тэр осол шиг зүйл давтагдахыг тэр хүсэхгүй.
Таагүй дурсамж Саннигийн сэтгэл санааг бүрмөсөн эвдэв.
Энэ хооронд Кай түүнийг үнэхээр сонин харцаар ширтэж байлаа. Санни хоолойгоо засан:
“Аан… тэр чинь тоглоомын нэг хэсэг байсан юм шүү дээ.”
Царайлаг залуу эргэлзээ дүүрэн харцаар ширтсээр л.
'Би энэ хөөрхий залууд хэтэрхий хатуу хандчихав уу? Аль хэдийнээ үхтлээ айсан байгаа биз… галзуу хүнтэй таарахаар хэн айхгүй байх вэ дээ? Тийм ээ… бодсоноос тийм ч хөгжилтэй байгаагүй юм шиг."
Кай болгоомжтойгоор толгой сэгсрэв.
“Тэр биш ээ. Зүгээр л… нэг зүйлийг чамд заавал хэлэх ёстой юм шиг санагдаад.”
Санни хөмсгөө өргөв.
“Тийм үү? Юуны тухай?”
Кай жаахан тээнэгэлзээд, маш намуухан өнгөөр хэлэв:
“Миний Дутагдлын тухай. Би хүн надад худал хэлж байна уу, үгүй юу гэдгийг мэдэж чаддаг юм. Тийм болохоор… чи ‘надад юу хийхийг хэлдэг чулуу байдаг’ гэж хэлэхэд чинь, тэр нь үнэн гэдгийг би шууд л мэдсэн.”
Санни итгэж ядан, царайлаг залууг ширтэв. Дотроо бол инээхээ ч, уйлахаа ч мэдэхгүй байлаа.
'Дутагдал гэнэ ээ? Энэ чинь Дутагдал юм уу?! Ёстой новшийн супер чадвар байна шүү дээ, чи муу адгийн амьтан!
Яагаад энэ Кай ингэж азтай байдаг юм бэ? Сайхан хоолой, өндөр нуруу, төгс царай. Тэр бүү хэл, Дутагдал нь хүртэл ивээл шиг!'
Дээрээс нь, энэ нь Саннигийн заль мэхний тал хувийг шууд няцаах төгс эсрэг байлаа. Хэрвээ Кай энэ сонин Дутагдлынхаа тухай түүнд хэлээгүй бол, Санни тун удахгүй өөрийгөө асар том гай зовлонд оруулах байжээ.
Аз болоход, царайлаг залуу үнэхээр шударга хүн байв.
'Юу гээч сахиусан тэнгэр вэ!'
Санни дотроо уур нь буцалж байхад, Кай зөөлөн дуугаар үргэлжлүүлэв:
“Тэгэхээр, Санни… тэр чулуу чамаас яг юу хий гэж шаардаж байгаа юм бэ? Чи надад хэлэхийг хүсэхгүй байна уу?”
Санни санаа алдав.
'Энэ залуутай хамт байхдаа би үнэхээр, үнэхээр болгоомжтой ярьж байх хэрэгтэй болж дээ.'
“За яах вэ, чи чинь огт сонирхолгүй хүн юм аа. Ярьдаг чулуу гэдэг нь үнэндээ үг давтаж чаддаг нэг Дурсамж. Заримдаа сэрүүлэг болгож ашигладаг болохоор ихэвчлэн ‘сэр’ л гэж хэлдэг. Харин сүүдэр минь өөрийн гэсэн бодолтой гэж хэлсэн маань… тэр ч бас үнэн. Чи аль хэдийн мэдэж байгаа байх. Миний сүүдэр Аспектынхаа үүргийн улмаас жаахан зан ааштай.”
Кай хэсэг бодоод, инээмсэглэв.
“Аан, ойлголоо! Тэгэхээр үнэхээр л тоглоом байсан юм байна. Ёстой овжин хошигнол. Дутагдлаараа эвдчихсэнд уучлаарай.”
Үүнийг сонссон Санни дүнсийгээд:
“Надад битгий дээрэнгүй ханд…”
Гэнэт зогсоод, нэг юм санасан мэт ууртайгаар хэлэв:
“Түр хүлээ! Хэрвээ чи хүн худал хэлж байгааг мэддэг юм бол, би яагаад чамайг тэр худгаас гаргах гэж бүтэн хагас цаг ятгасан юм бэ?!”
Кай нүдээ хэд анивчиж, гэмгүй бас гомдсон харцаар харлаа.
“Тэгэхэд миний Дутагдал Хар дарсан зүүдний мангасууд дээр ажилладаг эсэхийг би яаж мэдэх юм бэ? Би өмнө нь ярилцаж үзээгүй шүү дээ! Эртний аймшгуудтай харьцахдаа хүн хэзээ ч хэт болгоомжгүй байж болохгүй.”
Санни гараараа нүүрээ дарлаа.
“Тийм ээ, ойлгож байна.”
Кай түүнд санаа зовсон харцаар харлаа.
“Санни? Чи зүгээр үү?”
'Энэ бол хувь заяаны хараагдсан утаснууд надтай дахиад л тоглож байгаа нь. Миний Дутагдлын бараг яг эсрэг Дутагдалтай хүнтэй таарах магадлал хэд билээ? Тэгээд яагаад тэр ийм аймшигтай сайхан царайтай байдаг юм?! Энэ чинь миний царайны эсрэг хувилбар гэсэн үг үү? Аа~'
“Зүгээр ээ. За, ажилдаа оръё.”
Кай санаа алдав.
“Мэдээж. Амлалт бол амлалт. Цайзад чиний хийхийг хүссэн бүхэнд би тусална. Хамт явцгаах уу?”
Санни толгой сэгсрэв.
“Одоохондоо биш. Эхлээд нэг газар заавал орох хэрэгтэй. Эндээс урагш байдаг, нурсан том сүмийг мэдэх үү?”
Нөгөө Нойрсогч хэсэг бодоод толгой дохив.
“Мэднэ гэж бодож байна. Би хотын тэр хэсгээр байнга нисэж өнгөрдөг, харахгүй өнгөрөхийн аргагүй. Чи намайг тийшээ дагуулж явах гэж байна уу?”
'Сонирхолтой асуулт…'
Нэг талаас, Санни амьдардаг газраа хэнд ч мэдэгдэхийг хүсэхгүй. Нөгөө талаас, Кайг зүгээр л цайз руу буцаагаад, тэнд хүлээлгэх итгэл түүнд байгаагүй.
Гэтэл гэрэл гаргаж, хот дундуур явах нь бүр ч боломжгүй.
Ямар нэгэн дундын шийдэл байж болох уу?
“Чиний тэр дэнлүүтэй чинь би хэнийг ч хааш нь ч дагуулж чадахгүй. Би харанхуйд нуугдаж амьдардаг гэдгийг санаж байна уу? Тиймээс чи өөрөө нисээд сүм рүү оч. Намайг дээвэр дээр нь хүлээ.”
Кай урагш харж, нурсан сүмийн байршлыг санаад, толгой дохив.
“За.”
Санни гараа өргөн, түүнийг зогсоов.
“Хүлээ. Юу ч болсон, сүм дотор битгий ор, за юу? Би тоглоогүй шүү. Дотор нь нэг Нүгэлт Ад зэтгэр байдаг. Хэрвээ орвол, чамайг ч бас хүний наймаач тэр тэнэгүүдийн чинь адил нядална.”
Кай цочирдон ширтэв.
“Юу? Тэд үхчихсэн юм уу?”
Санни мөрөө хавчив.
“Чамайг тэр худагт байхад би яаж олсон гэж бодож байна? Үхсэн дээрэмчдийн нэгнийхэн биед газрын зураг байсан. Тэмдэглэсэн газарт нь эрдэнэс байна гэж бодсон юм. Гэтэл…”
Царайлаг Нойрсогч инээмсэглэв.
“Гэхдээ бүр илүү сайхан юм олсон юм байна, тийм үү? Аан, магтаалд баярлалаа! Би сүм рүү орохгүй, санаа зоволтгүй.”
Санни инээмсэглэж буй Кайг хэсэг ширтсэний эцэст, ядрангуйгаар мөрөө хавчив.
“За яах вэ. Тэгвэл яв. Бас санаарай. Хэрвээ чи бидний тохиролцоог зөрчвөл, би чамайг…”
“…олж, ална, тийм ээ. Санаа зоволтгүй, Санни. Би хэзээ ч амлалтаа зөрчдөггүй!”
Ингэж хэлээд, Кай толгойгоо өргөн тэнгэр өөд харлаа. Зөөлөн салхи Саннигийн арьсыг илбэх шиг болоход, дараагийн агшинд царайлаг Нойрсогч газар дээрээс хөндийрөн, тэнгэр өөд огцом хөөрөв. Удалгүй тэр хар тэнгэрт уусан алга болж, зөвхөн цаасан дэнлүүнийх нь өчүүхэн цэг л өмнө зүгт ганцаардсан од шиг хөвөх нь харагдана.
Гэнэт Санни дагжин чичирлээ.
Мөс шиг хүйтэн айдас зүрхийг нь төмөр атга шиг базав.
Гэрлийн цэгийг нүдээрээ дагангаа, тэр шивнэн хэлэв:
“…Хар тэнгэрт ганцаардсан нэгэн од асч, түүний гэрлийн дор цайз гэнэт дөлөнд автаж, танхимууд цуст голоор дүүрнэ.”
Тэр харанхуйд хэсэг хугацаанд, хөдөлгөөнгүй зогслоо.
Хэрвээ Санни үнэнийг мэдээгүй байсан бол, энэ нь Кассиагийн зөгнөлийн нэг хэсэг Кайгийн тухай гэж бодох байв.
Гэвч тэр мэдэж байсан.
Тэр зөгнөлийн үнэн утгыг аль хэдийн ойлгосон байсан юм.
Толгойгоо гудайлган, уруулаа долоогоод, дуугүй сүүдэртээ сөөнгө хоолойгоор асуув:
“Энэ… аль хэдийн эхэлчихсэн юм уу?”
Урьдын адил, сүүдэр хариулсангүй.
"Ямар тэнэг асуулт асуучхав аа."
Мэдээж үгүй.
Энэ бүхэн аль хэдийн эхэлчихсэн байсан.
Гурвуулаа Мартагдсан хотод хөл тавьсан тэр агшнаас л.