278-р бүлэг : Нэхэгчийн Баг
Санни хар баг руу, түүний нүдний хонхорт нуугдсан харанхуй руу чимээгүй ширтэв. Түүний дүр төрх аймшигтай гэж зориуд мушгиж гажуудуулсан мэт бус, угаасаа л сүрдэм төрхтэй байлаа. Нэгэн зэрэг сүрдэм атлаа гүн гунигтай, араатан мэт атлаа хаанлаг шинжтэй. Бүх юмсын зааг дээр оршин байдаг мэт санагдана.
Гэвч хамгийн тод мэдрэгдэж байсан зүйл нь тэр содон багнаас цацрах нууцлаг оршихуй байв.
Хэрцгий соёо, мушгиран тахийсан эвэр, бүхэлдээ хар лакаар өнгөлсөн модон гадаргуу... дахин нэгэнтээ түүний зөн совин чимээгүй байлаа. Хар баг руу хандахад түүнд юу ч мэдрэгдсэнгүй, яг л энэ зүйл огт оршин байдаггүй мэт.
'Ямар хачирхалтай юм бэ.'
Санни хэдэн хором хүлээсний дараа багийг авч, илүү сайн ажиглахаар нүүрэндээ ойртууллаа.
Гэвч түүний хуруу өнгөлсөн модон гадаргууд хүрмэгц, баг гэнэт тоолж баршгүй олон цагаан оч болон бутран сарнив. Ус мэт урсах гэрлийн тэр урсгал Саннигийн цээж рүү чиглэн орж, биеэр нь дамжин сүүдрийн цөмийнх нь харанхуй гүнд шингэн алга болов.
Хараалын дуу хоолой урьд урьдаас илүү чангаар нижигнэн цуурайтлаа.
[Та Дурсамж хүлээн авлаа.]
───
Санни хөдөлгөөнгүй зогссоор, сая юу болсныг бодон хэдэн хором өнгөрөөв.
Одоог хүртэл тэр зарим Дурсамж сүнсний цөмөөс гадна оршиж чаддгийг мэддэг болсон байлаа. Үүрийн Хэлтэрхий шиг.
Хар баг тийм төрлийнх байсан уу? Яагаад ч юм, түүнд тийм биш мэт санагдав.
'Би яагаад таамаглаад байгаа юм бэ? Зүгээр... зүгээр л харчихъя.'
Түүнийг тээнэгэлзүүлж байсан шалтгаан нь нөхцөл байдлын цар хүрээ байлаа. Энэ нууцлаг багийн тухай Санни юу ч мэдэхгүй ч өнгөрсөн үеийн энэ дурсгал үнэхээр ер бусын зүйл гэдэгт итгэж байв. Үүнийг олсон нөхцөл байдал хэтэрхий ер бусын, нуусан газар нь ч хэтэрхий жигтэй байсан тул өөрөөр бодох аргагүй.
Тиймээс болгоомжлох нь ойлгомжтой.
Бага зэрэг түгшүүртэйгээр Санни Сүнсний Тэнгистээ шумбан орж, Сүүдрийн Цөмийн хар нарны эргэн тойронд хөвөх гэрлийн бөмбөлгүүд рүү харав. Тэнд шинээр нэг бөмбөлөг нэмэгдсэн байсан бөгөөд бусдаасаа хавьгүй тод гэрэлтэж байлаа.
Түүнийг доош дуудах төдийд удалгүй өмнө нь хөвөх харанхуй багийн нүдтэй тулгарлаа. Яг л үл үзэгдэх хэн нэгэн түүнийг өмсөөд өмнө нь зогсож байгаа мэт.
Тавгүйрхэн Санни харцаа бага зэрэг доошлуулж, хар лакаар бүрсэн модон гадаргууны цаадахыг ажив.
Дараагийн мөчид тэр нүдээ гараараа таглах гэсэн өөрийн эрхгүй хүслийг арайхийж дарлаа.
Хар багийн дотор долоон гэрэлт цог асар хүчтэй дүрэлзэж, бараг сохлохоор байв. Тэдний эргэн тойронд тоолж баршгүй олон эфирэн утас асар уудам, туйлын нарийн бүтэцтэй хээгээр сүлжигдсэн байсан нь бараг төгсгөлгүй мэт санагдана.
'Долоон... бурхад минь!'
Багийн бичээсийн сүлжээсийн дүр төрхөд цочирдсон Санни хэсэг тээнэгэлзээд түүнийг дүрсэлсэн Бичээсийг дуудлаа. Харсан зүйл нь түүнийг ухарч, амьсгаа алдахад хүргэв.
Дурсамж : [Нэхэгчийн Баг].
Дурсамжийн зэрэг : Тэнгэрлэг.
Дурсамжийн түвшин : VII.
Дурсамжийн төрөл : Хувцас.
Дурсамжийн тайлбар : [Нэхэгч мэдлэг бол хүч чадлын эхлэл гэж итгэдэг байсан тул үргэлж олон худлын цаана нуугдаж, тэдгээрийг нөмрөг мэт өмсдөг байв. Нэхэгчийн бодол, Нэхэгчийн царай, Нэхэгчийн зүрх сэтгэлийг хэн ч мэддэггүй байсан. Бурхад хүртэл багийн цаана юу нуугдаж буйг харж чаддаггүй байв.]
Дурсамжийн шидийн сайжруулалт: [Худлын Нөмрөг], [???], [Энгийн Заль].
Санни хэсэг амьсгаа авахын тулд харцаа буруулав.
'Долоодугаар шатны Тэнгэрлэг Дурсамж... бурхан минь!'
Түүний гайхшралыг үгээр илэрхийлэхэд хангалтгүй байлаа. Гэхдээ ийм хүчирхэг Дурсамж ердөө гуравхан шидийн сайжруулалтай байгаад тэр бас гайхав. Ийм хүчтэй Дурсамж дор хаяж хэдэн арван шидийн сайжруулалтай байх ёстой гэж Санни төсөөлж байсан. Учир нь сүлжээс нь бараг хязгааргүй, солиотой гэмээр төвөгтэй байв.
Ердөө энэ гурван шидийн сайжрулалтад тийм их алмаазан утас шаардлагатай байдаг гэж үү?
Тэр дахин Бичээс рүү анхаарлаа төвлөрүүлэн шидлэлүүдийг уншив.
[Худлын Нөмрөг] Шидийн сайжруулалтын тайлбар : [Эзнийхээ дүр төрхийг нууна.]
Тайлбар нь маш энгийн сонсогдож байсан ч хар багийн сүлжээсийг харахад энэ шидий сайжруулалт огтхон ч энгийн биш байлаа. Үнэндээ түүний цар хүрээ тийм агуу байсан тул Саннигийн ухаан хэмжээг нь бүрэн ойлгож чадахгүй байв.
Энэ шидийн сайжруулалт баг өмссөн хүний мөн чанарыг гаднын ажиглалтаас хамгаалах зориулалттай. Гэвч бодит утгаараа ямар ч төрлийн илрүүлэлт түүнд хүчгүй гэсэн үг байлаа. Тэгээд Саннигийн бодлоор энд "ямар ч" гэдэг нь хэтрүүлэг биш, харин зүгээр л үнэн баримт байв.
Жишээ нь Кассигийн хүний Шинж чанарыг харах Аспектийн чадвар энэ багийг өмссөн хүнд үйлчлэхгүй. Сэрэгсдийн дунд иймэрхүү чадвар маш олон бий. Тэдний аль нь ч бас үйлчлэхгүй.
'Хоригдол болон багийн тухайд миний зөн совин яагаад чимээгүй байсныг тайлбарлаж байна. Миний хувь тавилантай холбоотой зургаа дахь мэдрэхүй хүртэл энэ зүйлд дарагддаг юм байна.'
Үүнээс ч аймшигтай нь энэ шидийн сайжруулалт зөвхөн Сэрэгсдэд чиглээгүй байв. Нэхэгчийн Багийн тайлбарт бурхад хүртэл цаадахыг нь харж чаддаггүй гэж бичсэн байсан бөгөөд энэ нь үнэн байлаа. Худлын Нөмрөгийн саадыг юу ч нэвтэлж чадахгүй, бурхан хүртэл.
Санни шүлсээ залгив.
'...Аймшигтай.'
Гэвч энэ гайхамшигтай бөгөөд аймшигт шидлэл хар лакаар бүрсэн гадаргууны доорх эфирэн алмаазан утасны аравны нэгийг ч эзэлдэггүй байлаа.
Хоёр дахь шидлэл нь ч мөн адил байв.
Түүний нэр [???] байлаа. Өөрөөр хэлбэл Хараал Саннид энэ тухай юу ч хэлэхгүй гэсэн үг. Тайлбар нь ч хоосон.
Гэхдээ Санни сүлжээсийг нь хараад энэ нь хараатай холбоотой гэдгийг ойлгов. Мөн идэвхгүй бус, идэвхтэй шидийн сайжруулалт гэдгийг мэдэрч байлаа. Тиймээс яг одоо тэр үүнд хүрч чадахгүй.
Ердийн үед энэ нь жинхэнэ Сэрэгч болмогц ашиглаж чадна гэсэн үг. Харин энэ тохиолдолд шидийн сайжруулалт нэг хоромоос илүү идэвхтэй байлгахад шаардагдах сүнсний мөн чанар асар их байсан тул ямар ч Сэрэгч дийлэхгүй. Магадгүй зөвхөн Мастер л чадна.
Гэвч чаддаг байсан ч турших хүсэл түүнд төрсөнгүй. Нэхэгчийн хардаг зүйлс Ариун бус амьтдыг хүртэл галзууруулах чадалтай байсан учраас ирээдүйд энэ шидийн сайжруулалтаас аль болох хол байх нь зөв.
...Харин Нэхэгчийн Багийн сүлжээсийн дийлэнх хэсэг гурав дахь шидийн сайжруулалт зориулагдсан байв. Түүний нэр нь "Энгийн Заль". Гэвч үүнийг боломжтой болгож буй хээний ухаан балартахуйц төвөгтэй байдлыг харахад тэр заль огт энгийн биш байлаа.
Энэ бол Саннигийн харж байсан хамгийн хачирхалтай, хамгийн нарийн, хамгийн суу билэгтэй бүтэц байв.
Сониучирхан тэр тайлбарыг нь уншаад... хөшиж орхилоо. Нүд нь томрон нээгдэв.
Агаарт гэрэлтэх Бичээс ингэж өгүүлж байлаа.
[Энгийн Заль] Шидийн сайжруултын тайлбар: [Хүний Дутагдлын үйлчлэлийг урвуулна.]