176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь
Өрөөн дотор байсан дөрвөн хүн Санниг орж ирэхэд өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлэв.
Нефис урьдын адил бараг ямар ч сэтгэл хөдлөлгүй харагдана. Гэхдээ Санни түүнийг хангалттай сайн мэдэх тул тайван саарал нүднийх нь гүнд нуугдсан нэгэн хачин түгшүүрийг анзаарч чадлаа.
Кастер найрсаг инээмсэглэлээр түүнийг угтав. Гэвч тэр инээмсэглэлийн цаана хүйтэн хандлага нуугдаж байсан. Царайлаг Өв залгамжлагч энэ нөхцөл байдалд тийм ч таатай байгаа биш бололтой. Тэр Нефисийн анхаарлыг татахын төлөө Санниг өрсөлдөгч гэж харж байна уу, эсвэл өөр шалтгаан бий юу?
Ямартай ч энэ Саннигийн асуудал биш.
Тэр бүлэгт дахин байнгын гишүүнээр буцан орох бодол огт байхгүй. Кастер хүсвэл бүх анхаарлыг өөр дээрээ авч болно.
Харин Эффи түүнийг жинхэнэ гайхшралтай харлаа.
"Мангар аа? Чи үнэхээр амьд байсан юм уу?"
Санни нүдээ ирмэн хэдэн хором ширтсэний дараа гашуун өнгөөр хэлэв.
"Сэтгэл гонсойлгосонд уучлаарай."
Эффи толгой сэгсрэв.
"Үгүй ээ, зүгээр л… чи балгасан дунд бүтэн гурван сар яаж амьд үлдсэн юм бэ?"
Санни инээмсэглэв.
"Юу гэхээр... Зүгээр сайн багшийн ачинд юм."
Харанхуй хот дотор хэрхэн амьд үлдэхийг Эффи л түүнд заасан тул энэ магтаал түүний зүг чиглэсэн байв. Гэвч анчин бүсгүй толгой сэгсрэв.
"Миний шавь нарын хэн нь ч балгасан дотор амьдрах хэмжээний тэнэг байдаггүй. Тэр тусмаа ийм… араатан шиг болоод ирэх нэгэн."
'Би араатан шиг харагдаж байна гэж үү?'
Санни өөрийгөө дотроо төсөөлөв.
Ноорхой хувцас. Бохир үс. Муруй инээмсэглэл. Нүдэнд нь шатах галзуурлын оч…
Үгүй ээ, тэр өөрийнхөө төрхөөс буруу зүйл олж харсангүй. Харин ч дажгүй харагдаж байна гэж бодлоо.
Гомдсон янзтай хөмсгөө зангидан Эффиг хараад хэлэв.
"Тийм үү? Харин чи… жаахан жин нэмчихсэн юм шиг байна."
…Маш зөв биеийнхээ хэсэгтээ.
'Анхаарлаа төвлөрүүл, тэнэг минь!'
Анчин бүсгүй хэдэн хором түүн рүү ширүүн харснаа гэнэт инээв.
"Охидод идэх хэрэгцээ байдаг юм. Бас…чи үхмээр байна уу?"
Эцэст нь Касси.
Касси бусдаасаа хамгийн их өөрчлөгдсөн мэт харагдаж байлаа. Өөрчлөлт нь шууд анзаарагдахгүй ч түүнийг сайн мэддэг Саннид бол маш тодорхой байв.
Сохор охин илүү… төлөвшсөн мэт.
Яагаад ч юм илүү насанд хүрсэн хүн шиг харагдана. Түүний дээр үл үзэгдэх нэгэн ачаа дараад байгаа мэт. Хүмүүс олон жил өнгөрөхөд л олж авдаг тэр төрлийн жин.
Түүний байдал илүү тайван, илүү баригдмал болсон байв.
Бараг л… хүйтэн гэмээр.
"Буцаж ирсэнд тавтай морил, Санни. Чамайг зүгээр байгаад би үнэхээр баяртай байна."
Тэр эелдгээр инээмсэглээд дуугүй болоод дараа нь нүүрээ буруулав.
Энэ… Саннигийн төсөөлж байсан түүний угталт биш байлаа.
Тэр сохор охин ядаж түүнийг тэвэрнэ гэдэгт итгэлтэй байсан. Яг л толгойд нь үргэлж төсөөлөгддөг шиг.
'Магадгүй Найтаас болж ичсэн байх.'
Гэхдээ Кассигийн ингэж хөндий байгаагийн жинхэнэ шалтгааныг тэр аль хэдийн мэдэж байгаа мэт санагдав. Зүгээр л хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа.
Тэр зөгнөл. Тэр хараал идсэн зөгнөл…
Айдас төрүүлсэн бодлыг хөөн зайлуулаад Санни нэг сандал дээр сууж, Кайд бас нэгийг санал болгов.
"Тэгэхээр… та нар юу ярилцах гэж байсан юм?"
Нефис, Кастер хоёр харцаараа ойлголцов.
Ямар нэг зүйл хэлэхээсээ өмнө Кастер хаалга руу алхаж очоод хурдхан хаав. Дараа нь ясаар хийсэн лимбэ шиг харагдах нэгэн Дурсамж гаргаж ирээд ширээн дээр тавилаа.
Тэр даруй өрөөн доторх уур амьсгал үл мэдэг өөрчлөгдөв.
Санни хөмсгөө өргөв.
"Энэ юу вэ?"
Царайлаг залуу Өөрчлөгдөж буй Одын хажууд сууснаа ингэж хэллээ.
"Энэ Дурсамж дууг тусгаарлах Шидийн сайжруулалттай. Одоо энэ өрөөний гадна байгаа хэн ч бидний яриаг сонсож чадахгүй."
Аан.
Энэ ганц баримт л Саннид тэдний яриа Гэрэлт Эзэн Ганлаугтай холбоотой гэдгийг ойлгуулахад хангалттай байлаа.
Гэнэт тэр энэ гэрэлтэй өрөөнөөс аль болох хол байхыг хүсэв. Том цонх хүртэл сэтгэл татам харагдаж эхлэлээ.
Тэр санаа алдан:
"Тэгэхээр Гэрэлт Эзэн та нарыг эцэст нь устгахаар шийдсэн үү? Би гайхахгүй ээ. Харин ч тэр яагаад үүнийг өмнө нь хийгээгүй юм бол гэж гайхаж байна."
Эффи гэдсээ даран инээлээ.
"Өө, тэр хийнэ…"
Нефис түүн рүү нэг харц шидэхэд анчин бүсгүй чимээгүй болов.
Тэгээд Санни руу эргэж харав.
"Чиний зөв. Гэрэлт Эзэн үнэхээр хөдөлж эхлэх гэж байна. Бид түүний өмнөх довтолгоонуудыг тэсэж гарсан. Гэхдээ тэдгээр нь зүгээр л туршилт байсан. Хүчийг маань шалгах хэд хэдэн өдөөн хатгалга."
"Харин одоо тэр жинхэнээсээ хөдөлнө. Тиймээс надад чиний тусламж хэрэгтэй."
Санни хөмсгөө өргөв.
"Над шиг жоом Үхэшгүй Дөл овгийн агуу хүчирхэг Өөрчлөгдөж буй Одод яаж тусалж чадах юм бол?"
Эффи Нефис хоёр руу ээлжлэн хачин харснаа хоолойгоо засав.
"Гүнж ээ, битгий гомдоорой. Гэхдээ би Саннитэй жаахан санал нэг байна. Энэ жижиг чөтгөр… аан уучлаарай Санни… бидний хийж чадахгүй юуг хийх юм? Тэр сайн тагнуул байж магадгүй, гэхдээ…"
"Хөөе! Гомдоож байна шүү!"
Өөрчлөгдөж буй Од инээмсэглээд Санни руу харав.
"Түүний жүжигт бүү хуурт, Эффи. Санни аймхай сул дорой хүн мэт аашилдаг. Гэхдээ үнэндээ Харанхуй хотод би халз тулалдахыг хүсэх хамгийн сүүлийн хүн бол тэр."
"Тэр хүмүүсийн бодсоноос хавьгүй аюултай. Тийм биз, Санни?"
Саннигийн инээмсэглэл гэнэтхэн царцав.
Хэдэн хором чимээгүй өнгөрч, бүгд түүн рүү ширтэж байлаа.
Эцэст нь тэр санаа алдав.
"За яахав. Нууц ил болчихлоо гэж бодъё. Гэнэтийн бэлэг, бүгдээрээ! Би үнэндээ сул дорой биш. Хэн ингэж бодох байсан гэж?"
Дараа нь Эффи рүү ширүүн харж ёжлон хэлэв.
"Өө уучлаарай. Буруу ярьчихлаа. Үнэндээ чамаас бусад нь бүгд мэдэж байсан юм байна. Харин чи…"
Гэвч Нефис түүнийг тасаллаа.
"Тийм учраас тэр балгасан дотор гурван сар амьд үлдэж чадсан. Яг л Шүрэн ойд дотор хоёр сар амьд үлдсэн шиг."
"Санни бол маш аюултай тулаанч."
'Хөөх. Намайг магтаж байна уу?'
"…Тэр зүгээр л жаахан зальтай новш. Гэхдээ яг энэ нь түүнийг аюултай болгодог."
'…За тийм биш юм байна.'
Санни Эффи рүү хараад мөрөө хавчив.
"Итгэхгүй байвал Найтаас асуу."
Гэнэт ярианд татагдсан Кай ханиалгаж, хэсэг эргэлзсэний дараа хэлэв.
"Тийм ээ… баталж чадна. Тэр үнэхээр жаахан зальтай нэгэн."
Саннигийн нүүр татвалзав.
"Тэрийг биш ээ! Би чамайг яаж аварсныг хэл!"
Дур булаам нумчин гэмгүй царай гарган сормуусаа дэвэн нэмж хэллээ.
"Өө тийм. Санни өчигдөр шөнө балгасан дотроос намайг аварсан. Тэр бол маш онцгой, гоц ухаантай хүн."
Санни ялсан мэт Эффи рүү харав.
Тэр өндөр анчныг цааш нь өдөхийг үнэндээ хүсээгүй… гэхдээ Эффи түүнийг жижиг чөтгөр гэж дуудсан шүү дээ.
"Харж байна уу? Найт надтай ганцхан шөний өмнө танилцсан. Гэхдээ тэр хүртэл миний ямар аймшигтайг ойлгосон. Харин бид хоёр бүтэн сар хамт ан хийсэн. Тийм байтал чи яагаад ийм мунхаг байгаа юм?"
Яахав дээ.
Эффитэй удаан хамт байхгүй юм чинь. Уурлаад сууж байг.
Санни ёжтой инээмсэглэн Нефис рүү эргэж асуулаа.
"Тэгээд яг юу хийлгэх гэж байгаа юм?"
Өөрчлөгдөж буй Од хэсэг тээнэгэлзсэний дараа хэлэв.
"Би Эффиг балгасан дахь чиний нууц байр луу чинь авч явж, тэнд долоо хоног орчим аюулгүй байлгахыг хүсэж байна."
Санни нүдээ ирмэлээ. Яадаг хэрэг вэ?
"...Би ч өнгөрчээ."