193-р бүлэг : Бунхан
Цаг алдалгүй Нефис чимээгүйгээр ангал руу үсрэв. Үсрэхийн өмнөхөн түүний нүдэнд цагаан дөл аслаа. Харанхуй түүний хөнгөн биеийг үл мэдэгдэх амьтны ам шиг бүхэлд нь залгив.
'Новш гэж.'
Дургүйцсэн төрхтэй Санни урагш алхав. Гэвч ангал руу ойртохоос нь өмнө Кастер санамсаргүйгээр замыг нь хаав. Дараагийн мөчид бардам Өв залгамжлагч мөн алга болов.
Санни хэсэг саатсаны дараа эргэж харлаа. Тэр Касси доош буухад тусламж хэрэгтэй эсэхийг шалгахыг хүссэн ч санаа зовох шаардлага байсангүй. Кай аль хэдийн түүнийг зөөлөн тэвэрчихсэн байв.
Дур булаам нумчин зөөлхөн агаарт хөөрч, хэсэг тогтон байснаа харанхуй руу хальж орлоо. Санни хэд хэдэн удаа нүдээ анивчиж, толгой сэгсрэв.
'Гайхуулж байх шив...'
Удалгүй Эффи бусдыгаа даган орж, гэрэлт Дурсамжаа аван явлаа. Харанхуйд ганцаараа үлдсэн Санни дагжин чичирч, сүүдрээрээ өөрийгөө ороож, доош үсрэлээ.
Тэр хэдэн секунд доош унаад хатуу чулуун дээр газардлаа. Цохилтын доргио ясанд нь өвдөлт тараана. Босоод харахад тэр нарийн хонгилд байх ба ханын чулуу нь элэгдсэн байсан ч хүний гараар тавигдсан нь илт. Багийн бусад гишүүд аль хэдийн ирж, тулалдаанд бэлтгэж байв.
Нефис мөнгөн урт сэлмээ дуудсан байлаа. Хонгил өргөн биш тул тэр сэлмээ чөлөөтэй ашиглаж чадахгүй, хоёр гараараа барьж байв. Нэг хуягласан гар нь бариул дээр, нөгөө нь ирний дунд хэсэгт байрласан байлаа.
Кастер мөн сэлэм барьж байв. Гэхдээ түүнийх бол үзэсгэлэнт хээ угалзтай, ногоон хашаар хийсэн гурвалжин хамгаалалттай, нарийн хийцтэй жянь байлаа. Санни энэ Дурсамж ямар түвшнийхийг мэдэхгүй ч асар хүчтэй гэдгийг нь гадарлаж байлаа. Тэр сэлэм мах, яс, ган төмрийг ч амархан зүсэж байсныг харж байсан билээ.
Одоо тэр жянь сүнслэг ногоон гэрэл цацруулж харагдана.
Эффи том дугуй бамбайгаа дуудсан ч эртний хүрэл жадаа Сүнсний тэнгистээ үлдээжээ. Энэ нарийн орон зайд ч түүнийг ашиглах чадвартай ч түүний асар их хүчийг бодолцвол бамбай нь илүү үр дүнтэй байв.
Кай нэлээд гунигтай харагдаж байлаа. Мөрөн дээгүүрээ, хүнд сумныхаа өдийг харан санаа алдаад гараа сунгав. Нумын оронд гар дээр нь гоёмсог муруй иртэй фальката гарч ирэв. Түүний ир Эффигийн дурсамжны гэрэлд гялалзаж байлаа.
Хамгийн сүүлд зэвсгээ гаргасан нь Касси байв. Гэнэтийн байдлаар тэр бүсэлхийдээ бэхэлсэн хуйн дотроос нарийн туялзуур сэлэм гаргаад... сул тавьчихав. Санни гайхахад туялзуур сэлэм газарт унасангүй, харин агаарт тогтож, яг л сохор охинтой үл үзэгдэх утсаар холбогдсон мэт байлаа.
Дараа нь бага зэрэг эргэж, түүний өмнө хөвөн зогсов... үзүүр нь шууд Санни руу чиглэж байв.
"Ээ... юу?"
Касси инээмсэглэн толгойгоо түүн рүү эргүүлэв.
"Өө, Аниргүй Бүжигчнийг уучлаарай. Тэр танихгүй хүмүүстэй байхдаа жаахан ичимхий."
Үүнийг сонссон Санни толгойгоо маажив. Түүний будилсныг мэдэрсэн Касси тайлбарлав:
"Бүжигчин бол миний Сүүдрийн хувилбар, бас хамтрагч. Бид хамтдаа сайн гар нийлдэг."
Түүний үгэнд хариулах мэт туялзуур сэлэм гэнэт сохор охины эргэн тойронд эргэлдээд өмнөх байрлал руугаа буцав. Гэхдээ одоо ч Санни руу нэлээд таагүйгээр чиглэсэн хэвээр байлаа.
"За... ойлголоо."
Тэдний яриаг таслан Эффи дуудлаа:
"Хөөе, Санни. Одоо найз охиноо бидэнтэй нэгдэхийг урих яг тохиромжтой цаг байна."
Эффигийн ийм үг хэлсний дараа бусад нь гайхсан харцаар тэднийг ширтэв.
Санни шүдээ зуун:
"Хэдэн удаа хэлэх юм бэ, тэр миний найз охин биш!"
Хүмүүсийн өгч буй сонин харцыг анзаараад Санни санаа алдав.
"Эффи! Тэдэнд юуны талаар ярьснаа хэл!"
Анчин бүсгүй энэ удаа түүнийг шоолсонгүй. Зөвхөн энэ нь л нөхцөл байдал ямар ноцтой байгааг илтгэж байв.
"Саннид бас Сүүдрийн хувилбар бий, бас маш их хүчтэй. За, түүнийг дуудаарай."
Хэлсэнчлэн Санни дуудав. Дараагийн мөчид Чулуун Гэгээнтэн түүний сүүдрээс гарч ирж хонгилд зогсож байлаа. Түүний улаан нүд дуулганы завсраас галт дөлөөр асч байлаа. Дуу цөөтэй мангас богинохон шиг багийнхныг харснаа үл тоомсорлон харанхуй руу ширтэв.
Ингээд зургаан хүний баг найман болж хувирав... мэдээж тэр ааш муутай хөвөгч туялзуур сэлмийг гишүүнд тооцвол.
…Гэтэл гэнэт холоос сонсогдох чимээ тэднийг газар дээрээ таг гацахад хүргэв. Эффи баргар царайлан тэр зүг рүү харснаа санаа алдаад:
"За. Бид хангалттай цаг алдлаа. Намайг дага...бүгд бэлэн байгаарай."
Ингээд тэр урагш алхаж, хонгилын гүн рүү чиглэхэд Санни араас нь даган, Чулуун Гэгээнтэнд Кай, Касси хоёрын ойролцоо байж хамгаалахыг тушаав.
Хэсэг хугацааны дараа түүний хөл доор юм шаржигнах шиг болов. Доош тонгойн харахад... яс байлаа.
Хүний яс.
"Энэ юу гээч газар вэ?"
Анчин бүсгүй эргэж харснаа гунигтайгаар хариулав:
"Бунхан"
Тэр хөмсгөө зангидлаа.
"Харанхуй хотын доор бунхан байсан гэж үү? Яагаад чи өмнө нь энэ талаар хэлж байгаагүй юм бэ?"
Эффи хэсэг тээнэгэлзсэний дараа:
"Бунхан үргэлж энд байсан. Бүх хотын доогуур үргэлжилдэг, гэхдээ ихэнх хонгилууд аль хэдийн нурсан. Анчид яагаад дурсах дургүй байдаг вэ гэвэл... үлдсэн багахан хэсгийг судлах зоригтой хүн маш цөөхөн, харин тэндээс буцаж ирж түүх ярьдаг нь бүр ч цөөхөн."
Дараа нь тэр нэмэн:
"Хэдий Харус хүчтэй байсан ч энд зөвхөн замаа мэддэг хүн л амьд үлдэнэ. Гаднах суурингийн анчдаас тийм хүмүүс хэдхэн бий. Тиймээс бид түүнийг энэ замын тусламжтай төөрүүлж чадна."
Энэ хооронд Санни газраар дүүрэн ясыг анзаарч байв. Бүгд хүнийх бололтой.
'Энэ ч надад таалагдахгүй байна даа.'
Тэр дээш хараад асуулаа:
"Чи сая маш цөөхөн хүн амьд гарч чаддаг гэж хэлсэн шүү дээ. Яагаад тэр вэ?"
Анчин бүсгүйн нүүр даруй ярвайв.
"Учир нь..."
Гэвч тэр өгүүлбэрээ дуусгахаас өмнө харанхуйгаас ямар нэг зүйл гарч ирэн тэдний замыг хаалаа.
Санни нүдээ томоор нээлээ.
Тэдний өмнө, гэрэл ба харанхуйн зааг дээр нэгэн цогцос зогсож байлаа. Хоосон нүдний ухархайгаар тэр зургаан хүнийг ширтэж байв.
…Үнэндээ цогцос биш.
Араг яс.
Логик, физикийн бүх хуулийг үл тоон, зөвхөн хүний ясаар бүтсэн амьтан гэнэт урагш дайрч, өлсгөлөн ангайлтаар шүдээ ярзайлгав.