147-р бүлэг : Бүлгэмийн танхим
Касси инээмсэглэснээ гэнэт хөмсгөө зангидан асуулаа.
“Гэхдээ, Санни… бид түүнийг яаж олох юм?”
Санни хэдэн хором бодсоноо мөрөө хавчив.
“Сайн мэдэхгүй байна. Үймээн самууны чимээг дагая? Энэ газар тийм ч том биш. Олж л таарна.”
Тэд шатаар уруудан ядуусын хороололд орж, Санни олны дундаас өндөр, содон дүрийг хайж эхлэв. Хуяг төрлийн Дурсамж эзэмшдэг Нойрсогч гадаад сууринд тийм ч олон биш. Тиймээс Өөрчлөгдөж буй Одыг анзаарахдаа итгэлтэй байлаа.
Удалгүй тэд түр барьсан шавар, чулуугаар эвлүүлсэн навсгар сууцууд болон хоосон, гундсан нүдтэй хүмүүсээр хүрээлэгдэв.
Зарим нь цайзаас хөөгдсөнийг нь ойлгон өрөвдсөн харцаар ширтэнэ. Зарим нь ил цагаан баярлана.
Санни тоосонгүй.
Тэр дахин нэг зүйлийг анзаарав. Цайз ба гадна суурингийн хоорондох хурц ялгаа.
Эртний бэхлэлт дотор хэчнээн бузар зүйл нуугдаж байсан ч хүмүүс тэнд амьдарч байв. Нүүрэн дээр нь энгийн хүний санаа зовнил, өдрийн хоол, ажлын тухай бодол харагдана.
Харин энд?
Энд хүмүүс зүгээр л оршин тогтнож байна. Тэр нь ч бараг л арайхийн. Нүдэнд нь илүү ширүүн хэрэгцээ, илүү гүн айдас бий.
Өнөөдрийн хоолоо олох хэрэгцээ. Шөнө үл үзэгдэх Хар дарсан зүүдний мангасад баригдах вий гэсэн айдас.
Тэд бүгд турж эцсэн, даарч хөрсөн, сүнсгүй.
Зөвхөн нэг л үед нүүрэнд нь найдвар тодорно.
Гэрэлт Цайз Бэхлэлт рүү санамсаргүй харц нь тусахад.
_Найдвар та нарыг ална шүү!! тэнэгүүд ээ. Та нар энд илүү дээр амьдарч байна. Тэр Цайз доторх хөөрхий сүнснүүдээс хавьгүй_
Ерөнхийдөө энэ газар захын дүүргээс тийм ч ялгаагүй. Зөвхөн сүүдэрт нуугдсан мангасуудын айдас нэмэгдсэн төдий.
Гэхдээ бодит ертөнцөд ч мангасууд бий.
Зүгээр л хүний арьс өмссөн. Санни Хар дарсан зүүдний Хараалын сорилтод өөрийгөө ямар их бэлтгэгдсэн байснаа дахин ойлгов.
Боловсролгүй гэдгээ эс тооцвол. Хачирхалтай нь Нефис хаана ч харагдсангүй. Тэд бүх сууринг тойрч алхсаны эцэст л түүнийг олж харлаа.
Суурингийн хамгийн захад, чулуун тавцангийн босоо ирмэг дээр аюултайгаар тулж байрласан ер бусын зайтай сууц байв.
Эв хавгүйгээр эвлүүлсэн чулуун хавтангууд. Олонх нь Харанхуй хотын анхны оршин суугчдын үлдээсэн нарийн сийлбэртэй хэвээр.
Бүх гадна суурингаас цагаан чулуун замд хамгийн ойр байрлалтай энэ бүдүүлэг барилга арай бат бөх харагдана.
Дээрээ жижиг нэмэлт байгууламжтай хоёрдугаар давхар мэт. Өөрчлөгдөж буй Од дээвэр дээр нь хөлөө зөрүүлэн сууж, мандах нарыг болон доорх хараалт хотыг ширтэж байв.
Үүрийн цайвар гэрэлд түүний зааны ясан мэт арьс, мөнгөлөг үс нь гоо үзэсгэлэнтэй атлаа жигтэй харагдана.
Тэр хуягаа буулгаж, бүдүүн ширхэгтэй даавуун цамц өмсөж, бүсэлхийдээ олс уясан байв.
Тэднийг мэдэрмэгц толгойгоо эргүүлж харлаа.
Дараа нь босоод, хөнгөн үсрэн доош бууж, чулуун тавцан дээр зөөлөн газардлаа.
Санни инээмсэглэв.
“Хөөе, Неф. Удаан уулзсангүй шүү!”
Нефис тэднийг чулуун сууцандаа дагуулж оров. Дотор тал нь хүйтэн, энгийн, бараг цэргийн хуаран мэт. Эвдэрхий тавилга энд тэнд хэвтэнэ. Салхи чөлөөтэй сүлжинэ.
Хэмжээ том, хийц нь илүү ч анх олсон үед нь хоосон байжээ.
Хэн ч замын аман дээр, тавцангийн ирмэгт ийм ойр амьдрахыг хүсээгүй. Тэнд Хар дарсан зүүдний мангас дайрах эрсдэл хамгийн өндөр.
Гэхдээ Өөрчлөгдөж буй Од тоосонгүй. Санни эргэн тойрноо хараад ёжлов.
“Ёстой ажил ихтэй газар байна даа.”
Нефис мөрөө хавчив. Сүүлийн хоёр сард тэд чулуу, шороон дээр л унтаж ирсэн. Тэгэхээр энэ нурсан байр ч гэсэн ахиц байлаа. Засвар хийвэл бүр боломжийн ч болж мэднэ.
Санни гэнэт бага зэрэг гэмшив. Тэр цайзад дулаан, тав тух, амттай хоолыг өдөрт хоёр удаа идэж байсан.
Хоол гэснээс…
Касси инээмсэглээд Нефист жижиг боодолтой зүйл өглөө.
Өчигдөр оройн хоолоо идэлгүй хадгалсан байв.
“Май, Неф. Чамд идэх юм авчирсан!”
Нефис боодлыг аван үл ялиг инээмсэглэв.
“Баярлалаа. Аан… та хоёр өглөөний хоол идэх үү?”
Тэр ханын дэргэдэх ганхсан ширээ рүү алхаж, дээр нь байсан даавууг авлаа. Доор нь шүүслэг шарсан мах овоорч байв.
Цайзын арав орчим хүнийг нэг, хоёр хоног тэжээхээр хэмжээтэй.
Санни хэсэг гөлрөв. Дараа нь Нефис рүү ширтэв.
“…Энэ их махыг хаанаас олсон юм? Бид чамайг гадна сууринд өлсөж байгаа гэж бодсон шүү!”
Нефис үсэндээ хүрч, бага зэрэг эвгүйрхэн:
“Аан… хэдэн шөнийн өмнө замаас нэг том мангас гарч ирсэн. Би бас хэдэн хүнтэй нийлж алсан. Энэ бол миний хувь.”
Касси нүдээ томрууллаа.
“Гэхдээ Хар дарсан зүүдний мангасуудтай зөвхөн Ганлаугийн хүмүүс тулалддаг гэж бодсон шүү дээ!”
Нефис хэсэг чимээгүй болов.
“Цайз руу довтолбол толгодын энгэрээс ч бай, тэнгэрээс ч бай тэд тулалддаг. Харин замаас ирвэл… ихэвчлэн тоодоггүй.”
…Тийм учраас ойролцоох сууцууд хоосон байжээ. Хэн шууд довтолгооны зам дээр амьдрахыг хүсэх вэ?
Тэр тусмаа хамгаалах ёстой хүмүүс нь хуруугаа ч хөдөлгөхгүй байхад.
Санни бараан инээмсэглэв.
_Энэ л тэдний сүр жавхлант Цайзын Харуулууд_
Гэнэт нүд нь бүлтийж, Нефис рүү ширтэв.
“Хэрэв үнэн бол чи яагаад… яагаад Зүүдний ертөнцийн бүх газраас заавал энэ новшийн газарт амьдрахаар сонгосон юм?!”
Нефис түүнийг хэсэг ширтэв.
“Энд нам гүм.”
Дараа нь уруул дээр нь үл ялиг инээмсэглэл тодров.
Цонх руу эргэж хараад:
“Надад таалагддаг.”