217-р бүлэг : Гарал үүсэл
Санни өөрийгөө зүүдэлж байгааг ойлгосон даруйд түүний толгойд хамгийн түрүүнд орж ирсэн бодол нь цагаан нуман хаалганы ойролцоо дахин нэг сүнсний мод ургаж байгаа байх гэсэн таамаг байлаа. Гэвч хэдхэн хормын сандралын дараа тэр энэ санааг хурдан няцаав.
Эцсийн эцэст, тэр эртний ад зэтгэрийн оюун ухааны хараалд өртсөн үедээ жинхэнэ утгаараа зүүдэлж байгаагүй. Зүгээр л Касситай хийсэн ярианыхаа тасархай дурсамжийг зүүдтэй андуурсан хэрэг.
Харин энэ... энэ бол жинхэнэ.
Санниг хүрээлсэн зүүдний орон зай бүдэг, байнга өөрчлөгдөн хувирч, сүүдрээр бүрхэгдсэн байлаа. Түүний дээрх тэнгэрт нар харанхуйн тойрог мэт харагдаж, час улаан гэрэл нь шатаж буй үүлсийн далайд живж байв. Гэвч тэр гэрлээс юу ч түүнд хүрэхгүй.
Хар гантигт умбасан харанхуй танхимд хоосон нам гүмээс өөр юу ч үгүй.
...Мэдээж, одоо бол нялх хүүхдийн уйлах дуу тэр нам гүмийг эвдэж байлаа.
Эмэгтэйн чарлах дуу аль хэдийн намдсан байв. Харанхуй гантиг танхимын гүн рүү ширтэхэд Санни зөвхөн төгсгөлгүй сүүдрүүдийг л харлаа. Нялх хүүхдийн уйлах дуу тэдний цаанаас сонсогдож байв.
...Эсвэл тэдний дотроос.
Саннигийн оюунд нэг нарийн бодол төрөв. Тэр сүрлэг хананууд, аварга баганууд, агуу танхим... бүгд ямар нэгэн байдлаар танил санагдаж байлаа. Яг л тэр аль хэдийн энд ирж байсан мэт, гэхдээ маш эрт дээр үед.
Зөвхөн нэг л зүйл дутуу байв. Эл хуль болсон шинж тэмдэг, мөн хар гантиг нэгэн том чулуунаас сийлсэн тахилын ширээ. Үнэндээ тэр яг л нялх хүүхдийн уйлах дуу гарч буй газарт байх ёстой.
Түүний оюунд нэгэн танил үгс шинэ утгаар тодорч ирэв.
'...Сүүдрийн хүүхэд үү?'
Дараагийн мөчид бүх зүйл алга болов.
───
Дэлхий савлаж байлаа. Төгсгөлгүй мэт хар чулуун гадаргуу түүний хараанд дээш доош хөдлөн урсаж байв.
...Үгүй, чулуу биш, харин Санни өөрөө савлаж байлаа.
'Юу... юу вэ?!'
Үнэндээ Санни өөрийгөө... балчир хүүхдийн биед байгааг олж мэдэв. Түүнийг залуу эмэгтэй зөөлөн тэвэрч, бүдэг гэрэлтсэн бамбаруудтай урт чулуун хонгилоор алхаж байв. Тиймээс л бүх зүйл савлаж байсан аж.
Тэр охин маш залуу, бараг Саннигийн бодит биеийн настай адилхан байлаа. Тэр нарийхан биетэй, гоо үзэсгэлэнтэй, шаазан мэт цагаан арьстай, урт хар үс нь мөрөн дээр нь асгарчээ. Түүний өмссөн доош сунах торгон хувцас нь эмзэгхэн хүзүү, мөрийг нь ил гаргасан байв.
Хар могой түүний гар, хүзүүг ороон мушгирч, хайрс бүр нь маш нарийн шивэгдсэн тул заримдаа амьд, хөдөлж буй мэт санагдана. Түүний арьсан дээр энэ дүрсийг сийлсэн хүн бол жинхэнэ урлаач байсан нь илт. Санни бодит ертөнцөд ийм зүйл хэзээ ч харж байгаагүй.
Гэвч тэр төстэй тэмдэглэгээг нэгэн Хар дарсан зүүдэнд харж байсан.
...Энэ бол Сүүдрийн Бурханд харьяалагддаг боолын тэмдэг.
Залуу охин сүмийн боол байж таарав. Яг л Санни өөрөө анхны Хар дарсан зүүдэндээ байсан шиг. Түүний хүзүү, гар дээрх могой нь нэгэн зэрэг хүзүүвч, гав байлаа.
Тэр мөн нялх хүүхдийн эх байв. Түүнийг тэвэрч буй хайр, түүн рүү харах бүртээ гарч ирэх намуухан инээмсэглэлээс Санни үүнийг ойлгож байлаа.
Санни өөрийн ээжийг багадаа алдсан ч, ийм мэдрэмжийг таньж чадаж байв.
'Хэрвээ эх нь боол бол, хүүхэд нь ч бас боол.'
Эцэст нь Санни өөрт нь юу тохиолдож байгааг ойлгож эхлэв.
Түүний дотор орсон энэ зүүд түүнийх биш. Харин анхны Хар дарсан зүүдэндээ үүргийг нь авч байсан нэргүй сүмийн боолынх.
Жинхэнэ Сүүдрийн хүүхэд.
Энэ бол Саннигийн дурсамж.
───
Удалгүй залуу эмэгтэй харанхуйд бүрхэгдсэн асар том танхимд орж ирэв. Хар гантиг ханануудыг нь харахад, тэд эртний сүмийн өөр хэсэгт ирсэн бололтой. Санни орчноо сайн харж чадахгүй байсан ч, тэд газар доор байгааг ямар нэгэн байдлаар мэдэрч байлаа.
Танхимын төвд долоон өндөр галын тогоо бүдэгхэн, хачин цайвар дөлөөр асаж байв. Гэрлийн захад хөдөлгөөнгүй зогсох арваад хүн харагдана.
Санни өөрийн эрхгүй чичрэв. Энэ дүр зураг түүний Сүнсний тэнгис дэх чимээгүй сүүдрүүдийг санагдууллаа. Гэвч эдгээр нь сүнс биш, харин хүмүүс байв. Зарим нь бусад боолууд, харин үлдсэн нь санваартнууд бололтой.
Үнэнийг хэлэхэд, тэдний хооронд төдийлөн ялгаа байсангүй. Сүүдрийн Бурханы зарц нар тансаг байдал, зэрэг зиндааг эрхэмлэдэггүй бололтой. Үнэндээ олон санваартнууд боолуудтай адилхан тэмдэгтэй байсан нь тэд ч мөн нэгэн цагт сүмд харьяалагдаж байсныг илтгэнэ.
'Тэд энд юу хийж байгаа юм бэ? Юу болоод байна аа?'
Залуу бүсгүй нэгэн ахмад боолын дэргэд очоод, хүүхдийг түүнд өглөө. Эхийнхээ дулаанаас салсан нялх хүүхэд...буюу Санни... даарч, айж эхлэв. Гэвч ахимаг эмэгтэй түүнийг намуухан үгсээр тайвшруулж, уйлуулахгүйг хичээв.
Дараа нь тэр бусад хүмүүсийн дунд очин зогслоо. Тэдний царай тайван, хүндэтгэлтэй байв.
Харин залуу эмэгтэй гэрлийн тойрог руу удаанаар алхав. Түүний хөдөлгөөн дэгжин, усны урсгал мэт зөөлөн байлаа.
Тэр яг төвд нь зогсож, долоон цайвар дөлний дунд, долоон сүүдрээр хүрээлэгдэв.
Санни тэр үзэсгэлэнт боолыг ширтэж, ямар нэгэн чухал зүйл болох гэж байгааг мэдэрлээ.
Гэхдээ... юу?
Тэр бодолд автаж, түгшиж эхлэхэд гэнэт нэгэн чимээ нам гүмийг эвдэв. Энэ нь гүн, цуурайтсан ятгын эгшиг байлаа.
Хөгжим эгшиглэхэд боол охин гэнэт хөдөллөө.
Тэр хөдөлмөгц, түүний долоон сүүдэр ч даган хөдөлсөн.
'Энэ... энэ чинь...'
Нүдээ том нээн, Санни залуу эмэгтэйг ширтэв.
Тэр эмэгтэй бүжиглэж байлаа.
Үзэсгэлэнт боол охин нэвт харанхуйгаар хүрээлэгдсэн гэрлийн тойрог дотор бүжиглэж байв. Түүний хөдөлгөөн бүр тайлбарлахын аргагүй гоо үзэсгэлэн, тодорхой боловч баригдашгүй зорилготой. Түүний залуу бие уян хатан, зөөлөн атлаа дайчин шиг хүчирхэг, сайн бэлтгэгдсэн байлаа. Түүний бүжгийн ур чадвар жинхэнэ тулааны мастерынх шиг.
Энэ нь сэтгэл булаам байв.
Тэр бүсгүй хөдөлгөөнөөрөө нэгэн гайхамшигт хээ хуар урлаж, түүний хэмнэл, мөн чанар нь нэгэн зэрэг хатуу ба урсгалтай, хурц ба зөөлөн, тодорхой атлаа урьдчилан таамаглашгүй байлаа. Тэр ганцаараа бүжиглэж байсан ч, долоон хамтрагчтай мэт. Өөрийн бие болон өөрийнхөө долоон сүүдрийг төгс хянаж байв.
Заримдаа аль нь жинхэнэ нь болохыг ялгах хэцүү байлаа.
Түүний бүжиг... зальжин, хэлбэргүй, байнга өөрчлөгдөж байв.
Санни хөшив.
Тэр энэ хөдөлгөөнүүдийг таньж байлаа. Түүний сүүдэр яг ингэж хөдөлдөг.
Энэ бол түүний бүтээхийг хүссэн тулааны хэв маягийн эх сурвалж.
Энэ бол Сүүдрийн Бүжиг байсан юм…