158-р бүлэг : Үл үзэгдэгч
Гаднах сууринд амьдраад сар орчмын дараа нэг өглөө Санни сэрэхдээ энэ дэлхий дээр хаана ч харьяалагдахгүй байгаа мэт мэдрэмж төрлөө. Энэ танил мэдрэмж амьдралынх нь ихэнх хугацаанд түүнийг дагаж явсан ч, хэсэг хугацаанд сарнин алга болсноо саяхнаас эргэн иржээ.
Тэр санаа алдан нарийхан орноосоо босож, Хүүхэлдэйчний Нөмрөгийг дуудав. Чулуун байранд аль хэдийн дуу чимээ, хүмүүс хоорондын харилцан яриагаар дүүрсэн байлаа. Өглөөний цайны уруу татам үнэр агаарт тархана.
Өрөөнөөс гарахад Нефисийн туслагчид нааш цааш яаран, янз бүрийн ажилд завгүй байв. Зарим нь түүнтэй мэндэлж, зарим нь тоосонгүй. Санни тэдэнд анхаарал хандуулалгүй гадагш гарч, нүүрээ угаан, тэнгэр өөд харав.
Мартагдсан Эргийн саарал тэнгэр урьдын адил хэвээр. Энэ жигшүүрт тамд үнэндээ юу ч өөрчлөгддөггүй билээ.
Буцаж явахдаа тэр байрны үүдэнд эргэлзэн зогсох туранхай хүнийг анзаарав. Ноорхой хувцастай энэ залуу түүнд их танил харагдана.
Дурсамжаа ухаж, Санни түүнийг Гэрэлт Цайзын эелдэг атлаа түгшүүртэй хүлээн авагч Харпер гэж танилаа. Хувцас нь өмнөхөөсөө бохир, замбараагүй, царай нь бүр ч турж эцжээ.
Тэр залуу илт өмнөх үеийн төрхөө ардаа орхисон байв.
_Энд юу хийж байгаа юм бол?_
Дөхөн очоод Санни түүнийг дуудав.
"Аан… Харпер, биз дээ? Яагаад энд байгаа юм?"
Харпер цочин, түгшсэн нүдээр харлаа.
"Өө… Санлесс! Чамайг харах үнэхээр… сайхан байна."
Санни хэсэг ширтээд шулуухан асуув.
"Цайзаас хөөгдчихсөн үү?"
Харперын царай тэр дороо гунигт автаж, тэр харцаа буулгаад хэсэг дуугүй байснаа нам гүмхэн хэлэв.
"Би албан татвараа төлж чадахаа больсоон. Тэгээд… тийм ээ. Хөөсөн л байх."
Дараа нь тэр эргэлзэн дээш харж, сулхан хоолойгоор:
"Гэхдээ би… эндээс хоол авч болдог гэж сонссон?"
Санни тайвшруулмаар инээмсэглэл үзүүлэхийг оролдов.
"Тийм ээ. Ихэвчлэн ангийн дараа мах тараадаг. Гэхдээ одоо өлсөж байвал ямар нэг арга олдоно. Улаан үстэй охинтой яриад үз. Өглөөний цайг тэр хариуцдаг шүү."
Харперын нүдэнд найдварын сул гэрэл асав.
"Үнэхээр үү? Зүгээр л над шиг амьтанд үнэгүй хоол өгнө гэж үү?"
Санни шилээ маажаад:
"Яагаад болохгүй гэж? Одоогоор хоол хангалттай байна. Энд байгаа ихэнх нь байнга энд байдаг л хүмүүс. Зочид шиг… за яахав. Тэд талархлаа илэрхийлж, энд тэнд тусалдаг. Хэрвээ үнэгүй идэхээсээ санаа зовбол, ямар нэг ажил асуугаарай. Энэ Гэрэлт Цайз биш ч гэлээ, энд амьдрал тийм ч муу биш."
Тэр туранхай залууг дотогш оруулж, гал тогоо руу чиглүүлээд санаа алдав.
Одоо бүр Гэрэлт Цайзын оршин суугчид ч тэдний байранд ирдэг болжээ. Ийм хэвээр үргэлжилбэл өрөөгөө танихгүй хэн нэгэнтэй хуваалцах болох нь. Ёстой онигоотой л юм даа.
Танхимд ормогц Нефис, Кастер хоёр цонхны дэргэд зогсон, удахгүй болох ангийн талаар ярилцаж байлаа. Өнөө өглөө бусад багийн хэд хэдэн анчид тэднийг тойрон хүрээлжээ. Тэд томоохон хамтарсан ан хийхээр төлөвлөж байсан бөгөөд өнөөдөр тэр өдөр нь.
_Надгүйгээр…эхэлчихсэн үү?_
Санни дургүйцлээ нууж, бүлэгт дөхөн очиж мэндлэв. Кастер инээмсэглэж, Нефис толгой дохилоо. Бусад анчид түүнийг харцаараа шүргээд л, шальтай тоосонгүй.
_Тэнэгүүд юм даа. Өөрсдийнх нь өмнө хэн зогсож байгааг мэдэх хэрэгтэй дээ…_
Ийм хүүхэд шиг гэнэн бодлоор өөрийгөө аргадаж, Санни яриаг сонсов.
"Нурсан гэрэлт цамхгийн урд хэсэг сайн сонголт, гэхдээ тэнд амьдардаг Сэрсэн амьтдын сонсгол асар хурц. Олуулаа довтлох амаргүй."
Сүүлийн сар тэдний орон байр өөрчлөгджээ. Хагархай тавилгануудыг аль хэдийн зайлуулж, оронд нь шинээр сольсон. Заримыг нь балгасаас авчирсан, заримыг нь гаднах суурингийн урчууд хийсэн. Хананд мангасын арьс, янз бүрийн чимэглэл өлгөөстэй, орчин цэвэр цэмцгэр, цэгцтэй харагдана.
Одоо энэ байр жижиг боловч цэцэглэн хөгжиж буй Сэрэгсдийн багийн төв штаб шиг болжээ. Хананд Харанхуй хотын том газрын зураг өлгөөстэй, олон тэмдэглэгээтэй.
Анчин нэг цэг заан:
"Энд илүү ирээдүйтэй. Цусан Шулмууд энэ хэсэгт амьдардаг. Өдрийн цагаар ичээндээ унтдаг. Хэрэв нэг, хоёр үүр олж чадвал…"
Кастер толгой сэгсрэв.
"Чиний санал болгож буй газар тэр амьд хөшөөнүүдийн нутагт хэт ойр. Тэд ямар аймшигтайг бид мэднэ. Миний бодлоор гэрэлт цамхгийн урд хэсэг дээр. Зүгээр л тэдний сонсголыг хуурах арга бодох хэрэгтэй…"
Санни гэнэт өөрийгөө хэрэгтэй болгож чадна гэж бодоод:
"Надад нэг хонх байгаа, тэр…"
Гэвч түүний хоолой ярианы завгүй шуугианд уусан живж, хэн ч анхаарсангүй.
Ичсэн Санни гүнзгий амьсгаа авч, хэсэг хүлээгээд дахин зоригтой гэх чинь хэлэв.
"Үнэндээ миний дуу гаргадаг хоёр Дурсамжийн нэгийг ашиглаад…"
Яг тэр мөчид Кастер гэнэт гайхалтай санаа олсон бололтой. Бүгд түүний үгийг сонсож, Санни руу нуруугаа харууллаа. Тэр яг л бүрэн үл үзэгдэгч мэт оршино.
_Юу… энэ бүхэн яг ямар хэрэгтэй юм бэ?_
Санни минут орчим тэнд зогсож, эвгүй, ууртай, тэнэг мэт мэдрэмжинд автав. Дараа нь зүгээр л эргэж, явлаа.
Тэр байрны дээвэр лүү гарч, хоёрдугаар давхрын нэмэлт хэсгийн орой дээр суун, нар аажмаар мандахыг гунигтай ажиглав. Хэсэг хугацааны дараа санаа алдан нүдээ анин, сүүдрээ байшин руу буцаав.
Түүний таамагласнаар хэн ч түүнийг байхгүйг анзаарсангүй. Гайхсан ч үгүй. Сүүдрээ байр даяар явуулж, Нефисийн нууцлаг төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр завгүй хүмүүсийг ажиглав.
Бүгд эрч хүч, урам зориг, бүлэгт харьяалагдах мэдрэмжээр дүүрэн.
Яагаад ганцхан тэр л тэдэнтэй нийцэж чаддаггүй юм бэ?
Бүр сая ирсэн Харпер хүртэл аль хэдийн найз нөхөдтэй болжээ. Тэр одоо улаан үстэй өглөөний цай хариуцсан охинд аяга таваг угаахад тусалж байлаа.
Санни хөмсгөө зангидав.
_Харперт… нэг л буруу зүйл байлаа. Яг юуг нь хэлж мэдэхгүй ч тэр залуу ямар нэг байдлаар хэвийн бус._
Сэтгэл санаагаа мартаж, Санни аймхай Нойрсогчийг ажиглахад төвлөрөв. Харпер шинээр ирсэн хүний хийх л зүйлсийг хийж байлаа: тусалж, хүмүүсийн нэрийг сурч, Өөрчлөгдөж буй Одын багийн талаар асууж. Тэр энд үлдэж, хэрэгтэй хүн болохыг ихэд хүсэж байгаа мэт. Ойлгомжтой.
Гэвч нэг зүйл буруу.
Нэг цагийн дараа Харпер байрнаас гарч, ядуусын хороолол руу буцлаа. Сүүдэр нь чимээгүйхэн араас нь дагалаа. Харпер хэн ч харахгүй эсэхийг шалгаж, нэгэн эзгүй гудамж руу яаран орлоо. Харанхуй гүнээс нэг хүн түүнийг хүлээж байлаа.
Санни хөмсгөө зангидсан, тэр хүн Цайзын өндөр зэрэглэлийн Харуулуудын нэг гэдгийг танив.
_Ийм учиртай байж._
Харуул Харпер луу муухай харан:
"Тэгээд?"
Харпер доош харж, айдас, түгшүүр ил байлаа.
"Тийм! Тийм ээ, ноёнтон. Хэлснийг чинь хийсэн. Тийм ч хэцүү байсангүй."
Харуул инээмсэглээд:
"Сайн байна. Чи Цайз руу буцахыг үнэхээр хүсэж байгаа бололтой."
Харперын нүдэнд цөхрөлийн гэрэл асав.
"Үнэхээр үү? Тэгвэл… би буцаж болох уу? Албан татвар төлөх хэлтэрхий надад байхгүй ч гэсэн?"
Харуулын инээмсэглэл алга болж:
"Чамд ол гэж хэлсэн бүх мэдээллийг цуглуулсны дараа буцаж болно. Чи тэгж чадвал би өөрөө чамайг дотогш урья. Алба татварын талаар санаа зоволтгүй. Гэхдээ санаарай. Багийн гол гишүүдийн тухай, тэр дундаа Гэгээнтэн Нефисийн тухай бүхнийг мэдэх хэрэгтэй. Тэдний Аспект, Чадвар, Дутагдал. Бүр аль гараараа бөгсөө арчдгийг ч мэдэхийг хүсэж байна. Ойлгов уу?"
Харпер нүүр нь цайлаа.
"Гэхдээ, ноёнтон… тийм зүйлсийг… сурахад амаргүй! Ялангуяа над шиг энгийн зарцад. Бас хүний бие засч буйг тандах гэдэг..."
Харуул хөмсгөө зангидлаа.
"Тоглоом ойлгохгүй тэнэг. Тэр ч яахав. Чи багийн хоёр гишүүнийг мэднэ гэж хэлсэн биз дээ? Тиймээс л чамд боломж өгсөн. Арай надад худлаа хэлсэн юм уу?"
Харпер цочсондоо:
"Үгүй! Би мэднэ. Би Өөрчлөгдөж буй Одын тагнуултай ярьсан. Тэр… тэр миний найз."
Харуулын нүүрэнд өргөн, сүрдмээр инээмсэглэл тодролоо.
"Тэгвэл асуудал юу байна? Тэр тэнгийг яриул. Түүн шиг халтар хулганууд жаахан анхаарал өгөхөд бүхнийг дэлгэнэ. Тэр хэрэггүй үнэгүй хооллогч атаархал, хий хоосон ихэрхлээр дүүрэн яваа гэдэгт би мөрийцье. Жаахан ч гэсэн хүндэлж буй дүр үзүүлбэл ам нь хаагдахгүй."
_Өө. Өөр юу гэж хуцмаар байна_ гэж Санни дотроо бодов.
Харпер толгой дохисон ч дараа нь эргэлзэн:
"Ноёнтон… та тэднийг гэмтээхгүй биз дээ? Тэд… тэд чинь сайн хүмүүс."
Харуул хэсэг ширтээд, харанхуй, ёжтой өнгөөр:
"Хариултыг нь мэдэж байж яагаад асууж байгаа юм?"
Эдгээр үгийг сонсоод Харпер навсайлаа. Түүний царай барайж, толгойгоо гудайлгав.
Гэвч тэр эсэргүүцсэнгүй.
_Муу новш. Юу болохыг харж л бай…_
Санни аймхай залууд өгөх зодуураа аль хэдийн төлөвлөж эхэлсэн ч яг тэр үед нэгэн дуу түүнийг дуудлаа.
Эффи.
"Хөөе, мангар аа! Унтаад байгаамуу? Бууж ирээч, ан эхэллээ!"
Сүүдрийн хараанаас тасран, Санни өндөр анч эмэгтэй рүү бараан харц шидэж, сүүдрээ буцаан, санаа алдав.
_Буцаж ирээд чамтай тооцоо бодно доо._
Гэхдээ буцаж ирэхэд Санни юуг ч шийдэх чадалгүй байлаа.