285-р бүлэг : Алах тушаал
Санни хэдэн хором чимээгүй байлаа. Эцэст нь Нефис үргэлжлүүлэн ярихгүй нь тодорхой болов. Бага зэрэг залхсан мэт мэдрэмж төрөн, тэр асуув:
"Яагаад Кастер чамайг алахыг хүсэх юм бэ?"
Гадаад төрхөөрөө тайван харагдаж байсан ч түүний оюун санаанд жинхэнэ шуурга дэгдэж байлаа. Кастерын жинхэнэ зорилгын илчлэлт Санниг донсолгож орхисон юм. Тэр бардам Өв залгамжлагчийг таашаадаггүй байсан, Өөрчлөгдөж буй Одтой тэдний харилцаа үргэлж нэг л хачин байсан нь үнэн. Гэхдээ ийм зүйл сонсоно гэж хэзээ ч төсөөлөөгүй.
Саннигийн бодлоор Кастер бол хүйтэн цуст алуурчин гэхээсээ илүү таагүй хүсэл тэмүүлэлтэй, боломж хайгч нэгэн байв. Магадгүй түүний угсааны цусны цэвэр байдлыг тойрсон асуудалтай холбоотой байх.
Тэр Нефисийг алахыг хүснэ гэдэг ямар логиктой хэрэг вэ? Тэр чинь түүний хамгийн үнэнч шүтэн бишрэгч биш билүү. Саннигийн олж харсан цорын ганц тайлбар бол Кастер анхнаасаа Ганлаугийн төлөө нууцаар ажиллаж байсан явдал. Гэвч тэр онол ч гүнзгий бодоход нурж байлаа. Гэрэлт Цайзын эзэн өөрийн гараар, олон зуун хүний өмнө Өөрчлөгдөж буй Одыг алахаар шийдсэн байсан.
Тэгвэл түүнд Кастер ямар хэрэгтэй юм бэ?
Нефис хэсэг чимээгүй байснаа мөрөө хавчив.
"Намайг санаж байхаас эхлээд хүмүүс намайг алахыг оролдсоор ирсэн. Чи мартчихсан юм уу?"
Санни удаанаар толгой сэгсэрлээ.
"Үгүй… мартаагүй. Гэхдээ энэ Кастертэй ямар холбоотой юм бэ?"
Тэр инээмсэглэв.
"Би насанд хүрч, анхны Хар дарсан зүүдээ давж, Зүүдний ертөнц рүү илгээгдсэн гээд тэд зогсчихно гэж бодож байна уу? Харин ч энэ нь намайг бүрмөсөн устгах хамгийн тохиромжтой боломж байсан. Нойрсогчид энэ хараал идсэн ертөнцөд ганцаараа орж ирдэг. Нийгмийн хамгаалалт, бодит ертөнц дэх холбоотнуудаасаа таслагдсан байдаг. Ойлгож байна уу?"
Саннигийн царай барайж, тэр толгой дохив.
Үнэхээр ч Зүүдний ертөнцөд анх орж буй залуу Нойрсогчдоос илүү эмзэг хэн ч байхгүй.
Нефис санаа алдаад харцаа зайлуулав.
"Ямартай ч Академид элсэх үедээ манай ангийнхны дунд намайг Зүүдний ертөнцөөс хэзээ ч буцаж ирэхгүй болгох тушаал авсан хүн байгаа гэдгийг мэдэж байсан. Зүгээр л хэн болохыг нь мэдээгүй."
Гэнэт тэр Санни руу харлаа. Уруулынх нь булан үл ялиг дээш татагдав.
"…Үнэндээ удаан хугацаанд би тэр хүнийг чамайг гэж боддог байсан."
Санни нүдээ анивчин, итгэж ядсан харцаар ширтэв.
"Юу гэнэ ээ? Би гэж үү? Чи галзуурчих… за больё. Яг юу нь намайг нууц Өв залгамжлагчдын бүлгийн гар хөл гэж бодоход хүргэсэн юм? Би чамд Өв залгамжлагч шиг харагддаг юм уу?"
Нефис тайвнаар түүний нүд рүү эгцлэн харав.
"Шударгаар хэлэхэд үгүй. Миний мэдэх Өв залгамжлагчдын хэнтэй ч адилгүй. Гэхдээ чиний тухай хэт олон зүйл утгагүй байсан."
Санни хөмсгөө зангидлаа.
"Сонсъё."
Тэр аажмаар гараа өргөж, хуруунуудаараа тоолж эхлэв.
"За харъя… чи захын дүүргийн өнчин гэж хэлсэн мөртлөө Анхны Хар дарсан зүүд болон Мартагдсан Эрэгт ирсэн үйл явдлуудыг давж гарсан. Чи нэг ч сүнсний хэлтэрхий хэрэглээгүй атлаа улам хүчирхэгжсэн. Чи сэлэм барьж үзээгүй гэж хэлсэн ч миний заасан зүйлийг гайхалтай хурдтай шингээж авсан. Тэгээд эцэст нь, чи бараг хэлсэн үг бүрдээ худал ярьдаг байсан. Ялангуяа гарал үүсэл, өнгөрсөн амьдрал, хүч чадал, Аспектынхаа тухайд."
Нэг гарынхаа хурууг дуусгаад тэр нударгаа атган заав.
"Үргэлжлүүлэх үү?"
Санни хоолойгоо засав.
"Аан, хэрэггүй дээ… ингэж хэлэхээр бол…"
Нефис инээмсэглээд гараа буулгав.
"Гэхдээ хэсэг хугацааны дараа чиний талаархи сэжиг буруу гэдгийг ойлгосон. Хэрвээ чи үнэхээр намайг алах үүрэгтэй байсан бол Үнсэн Булшинд дээр намайг зүгээр л орхих байсан. Тэр үед би бараг үхсэнтэй адил байсан. Гэхдээ чи тэгээгүй. Харин ч Касси бид хоёрыг авч явахын тулд их зүйл эрсдэлд оруулсан."
Түүний инээмсэглэл аажмаар алга болов.
"Тиймээс бид Гэрэлт Цайзад хүрээд, Кастер шууд гарч ирэн, надтай ойртож эхлэхэд би бараг тэр дороо л түүнийг гэдгийг ойлгосон."
Санни хөмсгөө зангидлаа.
"Чи арай дэндүү дүгнэлт хийж байгаа юм биш үү? Би тэр бардам новшийг өмөөрөх хүн биш л дээ, гэхдээ манай үеийнхэнд хэдэн зуун Нойрсогч байсан. Тэднээс ердөө долоог нь Мартагдсан Эрэг рүү явуулсан. Тэгээд тэднээс зөвхөн дөрөв нь Цайзыг харах хүртлээ амьд үлдсэн. Чамайг устгах тушаал авсан хүн яг тэдний дунд байсан байх магадлал хэд вэ? Хэтэрхий давхцал биш үү?"
Өөрчлөгдөж буй Од аажмаар толгой сэгсэрлээ.
"Хэн үүнийг давхцал гэсэн юм бэ? Хүмүүс Хараал өөрийн гэсэн оюун ухаантай гэдгийг амархан мартдаг. Тэр бүхнийг харж, бүхнийг сонсдог. Бас хувь тавилангаар тоглох дуртай. Хэрвээ тэр хэдэн зуун хүний дунд намайг алах үүрэгтэй нэгэн байсан бол Зүүдний ертөнцөд бид тааралдах нь бараг зайлшгүй. Хараал үргэлж ингэж ажилладаг."
Санни үүнтэй санал нийлэхээс өөр аргагүй байлаа. Хараал үнэхээр хувь тавилангаар тоглох дуртай.
Түүний бүх амьдрал үүний баталгаа.
Энэ хооронд Нефис үргэлжлүүлэв:
"Мэдээж, эхэндээ би бүрэн итгэлтэй байгаагүй. Гэхдээ Кастерыг ажиглах тусам зөв гэдэгтээ улам итгэсэн. Тэр надад ойртохын тулд чадах бүхнээ хийсэн. Дараа нь намайг итгэж болох бүх хүнээс аажмаар тусгаарлахыг оролдсон. Миний алхам бүрийг судалж байсан атлаа өөрийн нууцыг чанд хадгалж байсан. Тэр мөнөөсөө мөн."
Санни толгойгоо бага зэрэг хазайлгаж, энэ шинэ мэдээллийг боловсруулахыг оролдлоо. Хэсэг хугацааны дараа тэр асуулаа:
"Хэрвээ Кастер чамайг алахыг хүсэж байсан бол яагаад одоог хүртэл оролдлого хийгээгүй юм бэ?"
Нефис хэсэг бодолхийлснээ үл ялиг инээмсэглэв.
"Мартагдсан Эрэг дээрх бүх хүмүүсээс тэр Үхэшгүй Дөл овгийн Өв залгамжлагчид ямар чадвартайг хамгийн сайн мэддэг. Хачирхалтай биш гэж үү? Тэр миний чадварыг хэтэрхий их хүндэлдэг. Магадгүй бүр айдаг ч байж мэднэ. Тэр бүтэлгүйтэх эрхгүй. Түүний нэр төр үүнийг зөвшөөрөхгүй. Тиймээс Кастер надад эсэргүүцэх ямар ч боломжгүй болсон үед л довтлоно. Зугтах гарцгүй үедээ."
Санни толгойныхоо араар маажив.
"Тэгвэл ингэж асууя. Хэрвээ Кастер чамайг алахыг хүсэж байгаа юм бол яагаад тэр одоо хүртэл амьд байгаа юм бэ? Чи аль хэдийн алчихаж болоогүй юм уу?"
Хэрвээ Нефис хүссэн бол тэр бардам Өв залгамжлагч аль хэдийн үхсэн гэдэгт Санни итгэлтэй байлаа.
Өөрчлөгдөж буй Од хэсэг тээнэгэлзээд, тайван өнгөөр хэлэв:
"Учир нь надад тэр хэрэгтэй. Тэр надаас урвах гэж байгаа нь хамаагүй. Урвагч байсан ч, түүний хэрэг бий."