152-р бүлэг : Дахиад ирсэн нь
Гадаа нар аль хэдийнээ тэнгэрийн хаяагаар уруудаж эхэлсэн байлаа. Нар жаргах хүртэл их цаг үлдээгүй тул Нефис орой болохоос өмнө Эффигийн бодлыг өөрчилж чадах эсэхэд Санни ихэд эргэлзэж байлаа. Гэвч түүний царай дахь шийдэмгий төрхийг нь харахад Өөрчлөгдөж буй Од зүгээр салхинд үг хийсгээд зогсоогүй нь илт. Тэр тодорхой зорилготой байлаа.
Санни хэсэг тээнэгэлзэн
"Тэгээд, аан… бид одоо яг юу хийх гэж байгаа юм?"
Нефис хүйтэн саарал нүднийхээ гүнд цагаан дөл анивчуулан түүн рүү нэг харснаа, нүүр буруулж:
"Намайг дага."
Ингээд тэр цайзын зүг алхлаа.
_Цайз уу? Яагаад бид цайз руу явж байгаа юм бэ?_
Сэтгэл нь тавгүйрхсэн Санни Кассиагийн гарнаас зөөлөн хөтөлж, Нефисийг гүйцэхээр яарав. Дөхөж очмогц Нефис харалгүйгээр юм асуув.
"Гурван өдрийн өмнө хүн амины хэрэгт буруутгагдсан тэр Замчны тухай дахиад ярь."
Санни хөмсгөө зангидан, мэдэж буй бүхнээ давтан ярилаа. Бараг дуусах үед нь Нефис:
"Түүний Аспектын чадвар юу вэ?" гэж асуулаа.
Тэр хэсэг тээнэгэлзээд:
"Тэр гартаа барьсан ямар ч зэвсгийг аймшигтай хурц болгож чадна. Чулууг ч, магадгүй ган төмрийг ч огтолж чадах байх. Тулаанд бол маш хүчтэй чадвар даа."
Өөрчлөгдөж буй Од хэсэг дуугүй явснаа:
"Харин түүний Дутагдал?"
Санни толгой сэгсэрээд:
"Тэрийг бол ёстой мэдэхгүй. Хүмүүс Дутагдлаа ихээхэн нууцалдаг шүү дээ. Хүн бүр тэр галзуу Эффи шиг хамгийн том сул талаа хаа хамаагүй зарлаад явдаггүй."
Өнөөдөр Санниг онцгой хамгаалж буй мэт харагдсан Кассиа түүнийг дэмжин:
"Саннигийн зөв, Неф. Бид бүр түүний өөрийнх нь Дутагдлыг ч мэдэхгүй шүү дээ, санаж байна уу?"
Энэ үгийг сонссон Санни бараг бүдрэх шахав. Нүүрэндээ ямар ч хувирал гаргахгүй байх гэж тэр ихэд хичээсэн нь
Кассиагийн хэлсэн үнэн байлаа. Өөрчлөгдөж буй Од, Кассиа хоёр Дутагдлаа түүнд хэлж өгсөн ч Санни хариуд нь өөрийнхөө Дутагдлыг огт дэлгээгүй. Мэдээж тодорхой шалтгаанаар.
"Тийм л дээ, гэхдээ… аан, энэ сэдвийг одоо сольж болох уу?!"
Нефис чимээгүйхэн толгой дохин, цааш тайлбарласангүй. Түүний бодол өөр зүйлд төвлөрч байгаа нь илт.
_Үүх…балрах шахлаа_
Удалгүй тэд сүрлэг шат өгсөн гарч, цайзын хаалганд дөхөн ойртлоо. Энэ үед Саннигийн сэтгэл улам түгшиж байв.
_Түүний төлөвлөгөө яг юу юм бэ?!_
"Аан… Неф? Биднээс яг юу хийхийг хүсэж байгаа юм?"
Тэр нэг л хэвийн хүйтэн өнгөөрөө:
"Та нар онцгой юм хийх шаардлагагүй ээ. Зүгээр л намайг дага. Тэгээд… аан… аль болох дэг журамтай харагдахыг хичээ."
_Дэг журамтай харагдана гэж юу гэсэн үг вэ?!_
Удалгүй хаалганы өмнө зогсох харуулууд тэдний замыг хааж, доромжилсон, ёжтой харцаар ширтэв.
Доромжлол нь Санни руу, харин нөгөө утгатай харц нь мэдээж охид руу чиглэж байлаа.
"Зогс! Гэрэлт Цайзад ямар хэргээр ирэв? Албан татвар төлөх гэсэн үү?"
"Эсвэл харин ч авах гэж үү? Аа...Юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ? Хатагтай нар аа!!!"
Тэд чангаар инээлдэж эхлэхэд Саннигийн цус буцлах шиг л болов.
Нефис тэдэн рүү тайван харцаар харснаа:
"Би дотогш орно. Гэхдээ албан татвар төлөхгүйгээр."
Инээд гэнэт намжлаа. Харуулууд тэднийг сонирхсон янзтай ширтэж, нүдэнд нь ширүүн, аюултай оч гялсхийв.
"Чи ухаанаа алдсан уу, авгай минь? Төлөхгүй юм бол яах гэж ирсэн юм? Бидний цагийг битгий үр! Зайл"
Өөрчлөгдөж буй Од цасан цагаан царайднаа өчүүхэн ч сэтгэл хөдлөл гаргалгүй, жигд дуугаар:
"Би Сорих Эрхийг хэрэгжүүлэхээр ирсэн юм."
Хэдэн хором бүгд нам гүм болж, Саннигийн зүрх цээжинд нь араатан лугаа цохилж байлаа.
_Галзуурчээ! Нэф бүр галзуурчихаж!_
Гэвч үгүй юм. Өөрчлөгдөж буй Од галзуу биш байлаа. Санни дотроо Нефисийг хошигнон солиотой гэж боддог ч үнэндээ тэр тийм ч хүн биш. Харин ч эсрэгээрээ, ямар ч нөхцөлд тайван, ухаалаг байж чаддаг нь түүнийг аюултай болгодог гол шалтгаан. Тэгэхээр тэр энд Саннигийн олж хараагүй боломжийг олж харсан байх ёстой.
Ядаж л тийм байгаасай.
Нэг харуул хөмсгөө зангидан:
"Тоглоод байна уу, жаахан охин минь? Амaa татаад зайл, хэрвээ амьд үлдэхийг хүсвэл."
Нефис хөдөлсөнгүй.
"Би тоглоогүй."
Нөгөө харуул түүнийг хэсэг ширтэж байснаа толгой сэгсрээд:
"Жалганы хороолол дахь хулганууд бүр галзуурчихсан бололтой. Саяхны харгис үзүүлбэр сургамж болно гэж бодсон юмсан. Үгүй бололтой."
Тэр ёжтойгоор инээмсэглэнэ.
"Сонс, бүсгүй минь. Сорих Эрх гэдэг тоглоом биш. Энэ бол үхлийн тулаан. Үзэсгэлэнтэй гээд хэн ч чамд өршөөл үзүүлэхгүй шүү. Ойлгож байна уу чи?"
Өөрчлөгдөж буй Од зүгээр л толгой дохино.
Харуул хэсэг хүлээж, түүний өндөр нуруу, бүдүүн ширхэгтэй энгийн цамцыг нь ажиглав. Дараа нь ярвайгаад:
"За, өнөөдөр ч нэг үзвэр нэмэгдэх нь дээ! Харамсалтай юм. Ийм царайтай хүн бол албан татвар төлөхгүйгээр цайзад сайхан амьдарч болох л байсан."
Толгойгоо сэгсрээд тэр эргэж, гурвыг дагахыг зөвшөөрөх шиг болов. Нөгөө харуул хаалган дээрээ үлдэж, будилсан атлаа хар бараан догдлолтой царай гарган ширтсээр байлаа.
Салхинд савлах зэвтэй гинжний чимээ чихэнд нь сонсогдож, дүүжилсэн гавлуудын доогуур өнгөрөн Санни, Нефис, Кассиа гурав цайзад орлоо.
Дотор нь бүх зүйл хэвээрээ. Харпер хүртэл тансаг ширээнийхээ ард сууж, илгэн дэвтэр дээр ямар нэгэн зүйл бичсээр. Алхалтын чимээ сонсоод тэр толгой өргөн, тэдэн рүү хулчгар харц шидэв.
Нүдэнд нь будилсан гайхшрал тодрон:
"Аан… Санлесс, Кассиа хоёр уу? Та нар яагаад буцаад ирчихэв?"
Санни алгаараа нүүрээ дарчихмаар санагдана.
Ирээдүйд дахиад уулзана гэж хэлэхдээ тэр ирээдүй нь яг тэр өдрөө гэж огт төсөөлөөгүй!
Саннигийн толгойд эргэлдэх бодлыг мэдээгүй Харпер инээмсэглэн:
"Өө! Та нарт аз таарч, Сүнсний Хэлтэрхий олсон юм биш биз? Албан татвараа төлөхөөр буцаад ирэв үү?"
Санни шүдээ зуун, сулхан инээмсэглэл гаргаад:
"Аан, үгүй ээ. Яг тийм биш л дээ…"