153-р бүлэг : Чиглүүлэгч од
Гурвууланг нь цайзын их танхим руу дагуулж орох үед, дахин нэгэн сорилт зарлагдах гэж байгаа тухай мэдээ бэхлэлт даяар хараахан тархаагүй байв. Тиймээс тэнд бөөн хүн цуглаагүй, зүгээр л замаараа өнгөрч байгаад энэ шуугианыг сонссон хэдэн арван хүн л байсан юм. Гэвч минут өнгөрөх тусам тэдний тоо нэмэгдсээр л байлаа.
Танхимын үүдэнд зогсоход Нефис урагш тайван ширтэнэ. Түүний бодол юу болох нь таашгүй ба гаднаа бол туйлын тогтуун, өөрийгөө бүрэн хянасан мэт. Харин Санни дотроо асар их түгшиж байв.
_Өөрчлөгдөж буй Од яг юу төлөвлөчихөв?_
Хэн ч тэдний яриаг чагнаж чадахгүй эсэхийг шалгаад, тэр Нефист дөхөж шивнэлээ.
"Чи үнэхээр Ганлаугийн дэслэгч нарын нэгтэй тулалдах гэж байгаа юм биш биз?"
Энэ бол амиа хорлохтой адил юм шүү дээ. Нефис хэчнээн авьяастай, хүчтэй байсан ч тийм хүнийг дийлнэ гэдэг бараг боломжгүй. Ядаж сүнсний хэлтэрхий хангалттай шингээж, хүчний зөрүүг бага ч гэсэн ойртуулаагүй цагт бол бүр ч үгүй. Эдгээр хүмүүс санамсаргүй байдлаар өнөөгийн байр сууриндаа хүрээгүй нь лавтай.
Тэд ч бас өөрийн гэсэн авьяастай байж таараа.
Нефис толгойгоо ч хөдөлгөсөнгүй.
"…Хана чихтэй байдаг."
Санни шүдээ зуун, хариу хэлэх гэж байтал тэднийг дотогш дагуулсан харуул их танхимаас гарч ирээд, бараан харцаар ширтэн:
"Дотогш орцгоо, тэнэгүүд ээ."
Өөрчлөгдөж буй Од үг дуугүй урагш алхав. Санни, Касси хоёр дагахаас өөр аргагүйд хүрлээ.
Танхим дотор цөөнгүй хүн үүд рүү ширтэн зогсоно. Нефисийг хараад, эргэлзсэн шивнээ давалгаалан тархав.
"Тэр хэн бэ?"
"Хэзээ ч харж байгаагүй юм байна."
"Тэр охинд нэг л сонин зүйл оршиж байна даа…"
Жүбэй амиа алдсан өдрийнхтэй харьцуулахад байдал хамаагүй даруухан, сүр дуулиан багатай байлаа. Ихэнх дэслэгч нар ирээгүй, бүр Гэрэлт Эзэн ч алга. Зөвхөн Анчдын удирдагч Гемма хоосон цагаан сэнтийн өмнөх шатанд сууж, нүүрэндээ үл ялиг дургүйцсэн өнгө тодруулсан нь харагдана.
Санни амьсгаа даран тайвширлаа. Харүс түүнд харагдсангүй.
Үүний дараа харуул тэднийг дотогш оруулахад Гемма толгойгоо өргөн, хөмсгөө зангидан харлаа.
"Би зөв сонссон уу? Та гурвын нэг нь Сорих эрхийг хэрэгжүүлэх гэж байна гэл үү?"
Нефис нэг алхам урагшилж, түүний нүд рүү эгцлэн харж, ердийн хүйтэн хоолойгоороо:
"Би."
Түүний тайван байдал, хэлсэн үгийнх нь жингийн эсрэг туйл байлаа. Гуравхан хоногийн өмнө энэ танхимд Жүбэйн уур хилэн, зэвүүцэл, гашуун буруутгал цуурайтаж байсан. Харин одоо хүйтэн, тэгшхэн “Би” гэсэн үг.
Геммагийн хөмсөг улам гүнзгий атирснаа:
"Энэ ямар утгатайг чи мэдэж байгаа биз дээ, жаахан охин минь?"
Нефис айдас огт илэрхийлэхгүйгээр:
"Мэднэ."
Өндөр нуруут Анчин санаа алдсаар
"Сонс… Хэн ч байсан Сорих Эрхийг хэрэгжүүлэх эрхтэй нь үнэн. Гэхдээ амиа ингэж хий дэмий золиослох нь тэнэг хэрэг. Энд хүрэх гэж чи багагүй зовсон нь ойлгомжтой. Бид бүгд л тийм. Тиймээс дахин нэг бодоод үз. Шийдвэрээ эргэж хар."
Түүний дуу хоолой дайсагнасан биш, бүр чин сэтгэлийнх мэт сонсогдоно. Гэвч эдгээр үгс Нефисийн сэтгэлд хүрсэнгүй.
"Шаардлагагүй."
Үүнийг сонссон Гемма дахин санаа алдаж, толгойгоо сэгсрэнэ.
"За тэгвэл дураараа бол. Хэнийг буруутгах гэж ирсэн юм?"
Санни аль хэдийн таамагласан байлаа. Тиймээс дараагийн үгэнд гайхсангүй.
"Би Замч Анделийг буруутгахаар ирсэн."
Андел Жүбэйг сорилтод хүргэж, улмаар үхэлд хүргэсэн гэмт хэрэгтэй холбогдсон хүн.
Олны дунд дахин шивнээ өрнөв. Гемма нүдээ ирмэн, дургүйцсэн янзтай:
"Өмнө нь хэлсэн. Би Анчид, Замчдыг хоёуланг нь удирддаг. Тэд үүргээ гүйцэтгэх үедээ хийсэн гэмт хэрэг бол миний гэм. Хариуцлагыг би л үүрнэ. Тиймээс намайг сорих гэж ирсэн үү, бацаан минь?"
Санни амьсгаагаа түгжинэ. Одоо л тэдний хувь заяа түүний дараагийн үгнээс шийдэгдэнэ.
Хөгшин эрийн хүнд, хүйтэн хоолойноос Нефис огтхон ч айж, хөдөлсөн ч үгүй. Харин хүйтэн харцаар цоо ширтээд, аажуухан толгой сэгсрэлээ.
"Би түүнийг гаднах суурингийн залууг алсан гэж буруутгах гэж ирээгүй. Харин түүнийг хулгай хийсэн гэж буруутгаж байна. Андел мөрийтэй тоглоомд их хэмжээний сүнсний хэлтэрхий алдаад, төлөхөөс татгалзсан. Энэ бол гарцаагүй хулгай. Тэр үүргээ гүйцэтгэж байхдаа биш, хувийн цагаараа энэ үйлдлийг хийсэн. Тиймээс танд огт хамаагүй."
Гемма түүнийг гөлрөн зогсоно. Санни ч мөн адил.
_Энэ чинь… санаанд оромгүй юм. Бас дэндүү ухаалаг. Нефис ингэж овжин байж чаддаг гэж хэн мэдэхэв дээ?_
Ан хийх үеийн гэмт хэргийг Замчийн албан үүргээс ангид, жирийн хувт хүний зөрчил болгон өөрчилснөөр тэр дэслэгч нарын хэн нэгэн Анделийн өмнөөс тулалдах боломжийг хаалаа. Ядаж л тэд өөрсдийгөө шударга гэж нэрлэсээр байгаа цагт бол шүү дээ.
Гэвч олон жил туршлагатай Замч тэрээр Ганлаугийн гар хөлүүдээс дутуугүй аюултай гэж үү? Мөн Гемма ийм сорилтыг зөвшөөрөх болов уу?
Өндөр Анчин хөмсгөө өргөн, итгээгүй янзтай:
"Юу гэнэ ээ? Зүгээр… мөрийний өр юм уу? Чамайг… Айко явуулсан уу?"
Нефис толгой сэгсрэв.
"Үгүй. Би түүнийг огт танихгүй."
Танхим даяар хүмүүс түүнийг галзуу мэт ширтэнэ. Гемма ч ялгаагүй, бага зэрэг бухимдсан өнгөөр:
"Өртэй хүнийг нь ч мэдэхгүй байж, яагаад түүний өмнөөс сорилт зарлаж байгаа юм?!"
Нефис мөрөө хавчаад:
"Гэмт хэргийн хохирогчийг би заавал таних ёстой юу, гэмтнийг шийтгэхийн тулд?"
Гемма бүхнийг утгагүй мэт хараад:
"…Зүгээр л мөрийний өр шүү дээ. Тэр хүн өрний хэлтэрхийг өөрөө төлчихөж болно. Бүх хүн ч тэгж чадна."
Гэвч Өөрчлөгдөж буй Од түүний яриаг таслаад тайван, жигд хэвээр:
"Асуудал хэлтэрхийд биш. Асуудал шударга ёс… мөн хуульд байна. Энэ харанхуй ертөнцөд хууль л бидний ганц чиглүүлэгч од. Түүний гэрэлгүйгээр зөвхөн харанхуй үлдэнэ."
Түүний үгс их танхимд цуурайтаж, Геммагийн нүүр барайлаа. Хэд хоногийн өмнө Ганлаугийн хэлсэн үгийг яг давтан хэлснээр, тэр сорилтыг зөвшөөрөхөөс өөр сонголтгүй болсон бололтой.
Үүнийг эсэргүүцэнэ гэдэг Гэрэлт Эзэний хүслээс зөрөхтэй адил.
_Яасан зальтай вэ. Үүнийг надаас сурсан юм биш байгаа?_ гэж Санни жуумалзан бодно.
Анчин харцаа буруулж, хэсэг чимээгүй байснаа нэг харуулд бараан өнгөөр:
"Явж Анделийг авчир. Тэр новш энэ тэнэг охиныг алсны дараа бид хоёр амьдралын сонголтынх нь талаар урт яриа өрнүүлнэ гэж хэл!!"
Дараа нь Нефис рүү харж:
"Харин чи… салах ёс эртхэн үйлдэж, тулаандаа бэлд. Нэр чинь хэн бэ? Хэл. Ядаж хүмүүс санаж үлдэг."
Нефис түүний нүд рүү эгцлэн харсаар хэсэг чимээгүй болов.
Дараа нь ийнхүү хариуллаа.
Түүний тод дуу их танхимд хүчтэй цуурайтаж:
"Би Үхэшгүй Дөл овгийн Өөрчлөгдөж буй Од буюу Нефис."
Уг үг танхимд тархсаны дараа гэнэт л бүх зүйл нам гүм боллоо.