212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид
"Өө… тийм дээ."
Нэг л өдөр Кай зайлшгүй Санниг өөрийн бодож байсан шиг тийм ч үнэнч хүн биш гэдгийг ойлгоно. Гэхдээ тэр хүртэл гэнэн харваачийг энэ инээдэмтэй итгэлд автуулж байх нь нэлээд… ашигтай байв.
Бага зэрэг эвгүйрхэн нүүр буруулсан Санни Кастер луу харж:
"Дараачийнх нь!"
Бардам Өв залгамжлагч Найтингэйл рүү хүндхэн царайгаар ширтэж байлаа. Саннигийн дууг сонсоод хэсэг тээнэгэлзсэний эцэст толгой сэгсрэв.
Кастер энэ тоглоомд оролцохыг хүссэнгүй бололтой.
Санни гэнэт нэг зүйлийг тод мэдэрлээ. Зургаан хүний дөрөв нь өөрсдийн Дутагдлыг ил тод хуваалцсан байв. Хэрэгцээнээс болж ч бай, итгэлээс болж ч бай. Харин хоёр нь тэгээгүй.
Тэдний нэг нь Санни, нөгөө нь Кастер.
Санни өөрөө яагаад Дутагдлаа нууж байгаагаа мэдэж байсан. Харин энэ бардам угсааны залуугийн шалтгаан юу вэ? Энэ нь түүний нэр төртэй, найдвартай дүр төрхтэй огт нийцэхгүй мэт. Нефис болон багийнхандаа ийм үнэнч ханддаг хэрнээ нууц хадгалж байгааг харах нь хачирхалтай.
Түүний шалтгаан мөн л Саннигийнх шиг, Дутагдлаар нь илчлэгдэх аюултай сул тал байсан юм болов уу? Эсвэл өөр зүйл байв уу? Магадгүй тэр багийн гишүүдэд өөрийн харуулахыг хүсдэг шигээ тийм ч их итгэдэггүй байж болох.
Хэрвээ тийм бол… яагаад?
Мөрөө хавчсан Санни энэ бодлоо орхив. Одоо ингэж бодож суух ямар ч хэрэггүй. Илүү их мэдээлэлгүйгээр гаргах ямар ч дүгнэлт утгагүй.
Касси руу хараад тэр инээмсэглэн:
"Хөөе, Кас. Чи оролдож үзэх үү?"
Сохор охин хэсэг эргэлзсэний дараа аажуухан дөхөж ирэв.
Түүнийг ойртож ирэх зуур Санни алс холын өнгөрсөнд түүнтэй хийсэн яриагаа саналаа. Тэр үед Касси мэдлэг гэдэг энэ дэлхийн хамгийн хүнд зүйл байж болно гэж хэлж байсан. Түүний Дутагдлын ачаар Кайгийнхаас тэс өөр ч, нэг талаар аймшигтай адилхан байв.
Хоёулаа мэдэхгүй байх жаргалыг хүсдэг. Гэвч хүсээгүй мэдлэгийн хүнд дарамтыг үүрэх хувь тавилантай.
Санни бодож үзэхэд багийн бүх гишүүд үл үзэгдэх утсаар холбогдсон мэт санагдав. Тэдний олон зүйлс бие биенийх нь тусгал шиг. Нэгэн зэрэг адилхан хэрнээ бүрэн эсрэг.
Жишээ нь, тэр худал хэлж чаддаггүй, харин Кай худалд хууртахгүй. Нефис нарны гэрэл шиг, харин тэр өөрөө сүүдрээс бүтсэн. Касси харж чаддаггүй, харин тэр бараг хоёр хос нүдтэй. Өөрчлөгдөж буй Од Хар дарсан зүүдний Хараалыг устгахыг мөрөөддөг бол Эффи түүнийг өөрийн диваажин болгохыг хүсдэг.
Ингээд цаашлаад бий .
Энэ бүгд хувь тавилангийн утас байсан уу? Эсвэл хүн төрөлхтний зангаар утгагүй холбоосыг өөрөө зохиож байна уу?
Бодож үзэхэд зөвхөн Кастер л бусадтайгаа ямар ч утга учиртай холбоогүй мэт. Энэ юу гэсэн үг вэ?
Касси Саннигийн хажууд сууснаар түүнийг бодлоос нь салгав.
Тэр албаар инээмсэглэл гарган:
"Аан, тийм. Миний хэлсэнчлэн дүрүүд солигдсон байж магадгүй. Тэгэхээр, асуулт чинь юу вэ?"
Касси инээмсэглээд сүүдэр лүү дохив.
"Миний асуулт бол хэрвээ би Саннигаас та хоёрын хэн нь эрдэнэсийг эзэмшиж байна гэж асуувал, тэр юу гэж хариулах вэ?"
Санни хэсэг тээнэгэлзээд, өмнө нь шивнэж заасан хариунуудаас нэгийг нь хэлэхийг Энгийн Чулуунд дотроо тушаав.
Өмнөх шигээ хэт гүнзгий, инээдтэй хоолойгоор сүүдэр:
"…Сүүдэрт байгаа."
Касси толгой дохин, хүүхэлдэй шиг төгс царай дээр нь үл ялиг баясал тодруулсаар Санни руу эргэв.
"Санни, эрдэнэс чамд байна. Өг."
Ингээд тэр гараа хүлээлттэйгээр сунгав.
Гүнзгий санаа алдан Санни Дэвшсэн сүнсний хэлтэрхийг түүний алганд тавиад залхуу дуугаар:
"Баяр хүргэе. Чи яллаа. Сайн байна, ёстой мундаг."
Касси хэлтэрхийг атган инээмсэглэв.
Энэ хооронд Эффи гайхсан харцаар урагш бөхийж:
"Юу гэнэ ээ?! Ингээд л болчихов уу?!"
Тэр сохор охин руу алмайран ширтээд:
"Чи яаж ингэв ээ?"
Касси инээмсэглэн жижигхэн гараараа хэлтэрхийг буталж, сүнсний мөн чанарыг нь шингээв. Дараа нь толгой сэгсрэн:
"Үнэндээ их энгийн. Чи аль нэгээс нь нөгөөгийнх нь хариуг асуусан ч, хариу нь үргэлж зөвийн эсрэг байна. Яагаад гэвэл Сэрэгч худлын тухай үнэнийг хэлэх ёстой, харин ад зэтгэр үнэний тухай худал хэлэх ёстой. Ойлгов уу?"
Эффи хэсэг бодсоноо толгой сэгсрэв.
"Үгүй ээ. Чиний хэлсэн үгс бүгд танил сонсогдож байна, гэхдээ би юу ч ойлгосонгүй. Яг юуны талаар яриад байгаа юм бэ?"
Касси инээд алдав.
"Завтай үедээ бодоод үз. Эсвэл… дараагийн удаа ийм зальт оньсогоор чамайг шоолохоор шийдвэл зүгээр л Санниг зодчих."
Ингээд тэр өөртөө сэтгэл хангалуун байдалтай холдон одов.
Санни ам ангайсан чигтээ түүнийг ширтэн үлдэв.
'Тэр үнэхээр сая жинхэнэсээ хэлчихэв үү?!'
Харин эргэлзсэн анчин бүсгүй Санни руу гүнзгий хөмсөг зангидан ширтэнэ.
"Тийм ээ… дараагийн удаа би тэгж магадгүй…"
Үүнийг сонссон Саннигийн царай цонхийв.
"Юу болоод байна аа? Энэ чинь шударга тэмцээн байсан шүү дээ! Ялагдлаа гээд ингэж болохгүй!"
Харин Эффи аюултайгаар инээмсэглэв.
"Ялагдсан гэж үү? Чамайг дуусгасны дараа хэн нь үнэхээр ялагдсныг харъя."
'Юу… Яг юуг ялагдал гэж хэлээд байна аа? Түр азна, үгүй ээ! Би яагаад тэгж бодоод байгаа юм бэ?!'
Босонгуутаа Санни Эффи руу харж ёжлов.
"Хэн хэнийг дуусгана гэнэ ээ? Өөрийгөө битгий хэт дөвийлгө, шонгийн мод шиг амьтан минь."
Ингээд тэр нүүрэндээ илт үл тоомсорлол тодруулсан чигтээ холдлоо.
Гэхдээ алхам нь хэтэрхий яаруу байв.
───
Хэсэг хугацааны дараа өдөр шувтарч байлаа. Зарим Дурсамж аль хэдийн сэргэсэн тул бараг бүгд хувцас, хуяг дуулгаа өмссөн байв.
Саннигийн хувьд бол энэ үнэхээр харамсалтай хэрэг.
…Мэдээж зөвхөн гоо зүйн үүднээс!
Гэвч өөр нэгэн зүйл түүний анхаарлыг бүрэн татав.
Гантиг нуман хаалганы цаад захад Нефис, Кастер хоёр гартаа хурц илд барин бие бие рүүгээ харж зогсоно.
Тэд удахгүй халз тулалдах гэж байлаа…