184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ
Хүчирхэг анчин бүсгүй Чулуун Гэгээнтнийг ширтэн зогсоно. Түүний гар агаарт хөвж, жадныхаа ишийг атгахад бэлэн байлаа. Үзэсгэлэнт хүрэн ногоон нүд нь хурц түгшүүр болон бараан хүлээлтээр дүүрэн байв.
Гэвч тэр аймшигтай байдалтай зогсож байгаа мөртлөө тухтай хөнжилд ороогдсон хэвээр байгаа нь хөгжилтэй харагдсан тул Санни өөрийн эрхгүй инээд алдав.
"За за, тайвшир. Чи өмнө нь Сүүдрийн хувилбар харж байгаагүй юм уу?"
Эффи нүдээ анив.
"Энэ зүйл... чинийх гэж үү? Түр хүлээ. Чи Сүүдрийн хувилбартай гэж үү?!"
Санни толгой дохин Чулуун Гэгээнтэн рүү заав.
"Тийм ээ. Танилц. Түүнийг Гэгээнтэн гэдэг. Үзэсгэлэнтэй харагдаж байгаа биздээ?"
Анчин бүсгүй дуу цөөтэй тэр амьтныг хэсэг ширтээд, ууртайгаар хөмсгөө зангидав.
"Азтай новш! Би энэ тамын нүхэнд гурван жил байхдаа нэг ч Сүүдрийн хувилбарын бараа харж байгаагүй. Харин чи надаас өмнө авчихдаг нь юу вэ?"
Санни инээлээ.
"Үнэндээ энэ миний хоёр дахь Сүүдрийн хувилбар л даа. Эхнийх нь Шүрэн ойд устгагдсан."
Эффи түүнийг удаан ширтэж байснаа эцэст нь гүн гүнзгий гонсойсон царай гарган толгой сэгсрэв. Дараа нь тэр Сүүдэр лүү эргэн харж, анхааралтай ажиглав.
"Хүлээ... тэр миний бодож байгаа зүйл мөн үү?"
Санни толгой дохив.
"Тийм ээ."
Анчин бүсгүй орноос ухасхийн босож, хөнжлөө орхиод хөл нүцгэн Чулуун Гэгээнтний эргэн тойронгоор алхав. Тэр түүнийг бүх талаас нь нягтлан ажигласны дараа ингэж асуув.
"Чи тэдгээр юмсын нэгийг нь алчихаад яаж амьд үлдсэн юм?"
Санни өөрөө ч мөн адил Эффиг өөрийн эрхгүй бүх талаас нь ажиглаж байгаагаа анзаарч, хэд хэд нүдээ анивчаад мөрөө хавчлаа.
"Үнэндээ тэднийг Нүгэлтүүдийн нэг бүлэг устгасан юм. Ёстой аймшигтай тулаан болсон доо. Би зүгээр л нэгийг нь дуусгах боломж гарсан үед нь таарсан. Тэгээд л одоо ийм байна даа."
Эффи Сүүдэр лүү биширсэн харцаар ширтэв.
"Ямар анги вэ?"
Санни инээмсэглэв.
"Сэрсэн мангас. Гэхдээ би түүнийг хоёр Нүгэлт араатан алахыг харсан. Тэгэхээр... өөртэйгөө адилхан амьтад дундаа элит гэж хэлж болно. Ямартай ч, түүнийг хажуудаа байлгахад нэг шөнө гурван мангас агнах нь боломжгүй зүйл биш гэдгийг ойлгож байгаа биз. Би тэднийг урьдчилж судалсан. Тиймээс бид тэднийг маш хурдан дуусгадаг."
Анчин бүсгүй гараа зөрүүлэн хэсэг бодсоноо Санни руу сонин харцаар харав.
"Чи яагаад надад үүнийг үзүүлж байгаам бэ? Чи тийм их сэрэмжтэй хүн байж ийм эрдэнэсийг надаас нууна гэж бодсон."
Санни босоод хэсэг чимээгүй зогссоноо хэлэв.
"Миний хийх гэж байгаа зүйлд чамд түүнийг харуулах нь зайлшгүй шаардлагатай."
Эффи хэсэг чимээгүй байснаа сахилгагүй инээмсэглэл гаргав.
"Аан. Уучлаарай, чиний урмыг хугалж байж магадгүй. Буруу ойлгох хэрэггүй шүү, би янз бүрийн хөгжилтэй зүйлд бүрэн сонирхолтой. Гэхдээ Санни... Хар дарсан зүүдний мангасууд дээр би хязгаараа татдаг."
Санни хөмсгөө зангидан түүний юу яриад байгааг ойлгосонгүй. Дараа нь нүд нь томров.
"Юу гэнэ ээ?! Чи... ямар гаж бодолтой юм бэ?! Би бэлтгэл гэж хэлсэн шүү дээ! Би түүнийг бэлтгэлд ашиглах гэсэн юм!"
Сахилгагүй анчин бүсгүй гэмгүй царай гарган нүдээ анив.
"Бэлтгэл үү? Санни, чиний насанд жаахан туршлагагүй байх нь огт буруу биш шүү дээ. Үнэндээ бүр хөөрхөн ч харагддаг! Чи ийм зүйлд хүрэх шаардлагагүй..."
"Туршлагагүй гэж үү?! Хэнийг туршлагагүй гэж байна?! Би хангалттай туршлагатай! Түр хүлээ... новш. Бид ер нь яг юуны тухай яриад байгаа юм бэ?!"
Эффи инээдэндээ багтарч, уурласан Санниг орхиод толгой сэгсэрсээр түр зуурын гал тогоо руу алхав. Тун удалгүй шарж байгаа махны амттай үнэр агаарт тархав.
'...Би түүнийг ална. Алчих уу? Ямар ч байсан энэ бол цэвэр өөрийгөө хамгаалах хэрэг болно. Ийм байдалтай нэг долоо хоног байвал би лав үхнэ.'
Санаа алдан Санни өөрийгөө тайвшруулах гэж маш их хичээв. Бодол нь энгийн хэмнэлдээ ормогц тэр Чулуун Гэгээнтний өмнө зогсоод аажуухан амьсгаа гаргав.
Суралцах цаг болсон байлаа.
───
Сүм рүү буцаж явах замдаа Санни хэцүү шийдвэр гаргасан.
Тэр Чулуун Гэгээнтэнтэй бэлтгэл хийхдээ өөрийн биед сүүдрийн хүчийг нэмэхгүй байхаар шийджээ.
Ингэснээр ирээдүйд маш их өвдөлт амсах болно гэдгийг мэдэж байсан ч тэр шийдвэрээсээ буцах бодолгүй байлаа. Өөрийн тэжээвэр мангасыг зөвхөн өөрийн биеийн чадвараар, өөр юу ч ашиглахгүйгээр тулгарахыг хүссэн хэд хэдэн шалтгаан байсан.
Эхний бөгөөд хамгийн энгийн шалтгаан нь Санни сүүдэр үргэлж хэрэгтэй үед нь дэргэд нь байхгүй гэдгийг мэдэж байсантай холбоотой. Жишээ нь Цамхагийн Элчтэй тулалдах үед сүүдэр нь тагнуул хийж хол явсан байсан шиг нөхцөл байдал дахин тохиолдох нь гарцаагүй.
Мөн Хар Хүлэгт баатрын илдэнд хоёр хуваагдахаас түүнийг аварсан зүйл нь сүүдэр биш, харин өөрийнх нь рефлекс байсан.
Хоёр дахь шалтгаан нь илүү гүнзгий байв. Энэ нь Харанхуй хот дахь хүчний шатлалтай холбоотой.
Хамгийн оройд Нүгэлтнүүд бий. Тэдний доор ердөө л Сэрсэн амьтад. Харин хамгийн доод шатанд Нойрсогчид.
Энэ хараалт газарт хүн тулгарах ямар ч тулаан асар их хүчтэй дайсантай байх нь тодорхой. Цаг хугацааны явцад Санни энэ бодит байдалд дасаж, одоо бол Сэрсэн аймшигт амьтдын доод ангиллынхантай бараг тэнцүү нөхцөлд тулалдаж чаддаг болсон. Мэдээж сүүдрийн тусламжтайгаар.
Тэр одоо ч сул байсан ч ялгаа тийм ч их биш.
Гэхдээ дотроо тэр хэзээ нэгэн цагт Нүгэлт дайсантай тулалдахаас өөр аргагүй болно гэдгээ мэдэж байв. Мөн сүнсний мөн чанараар цөмөө дүүртэл хангасан, өөрөөс нь хамаагүй хүчтэй хүмүүсийн эсрэг тулалдах магадлал өндөр гэдгийг ойлгож байлаа.
Тиймээс өөрөөс нь арай хүчтэй мангасуудыг сүүдрийн хүчээр агнах туршлага нь үнэндээ саад болж байв. Энэ нь түүний хурц байдлыг мохоож, өөрөөс нь асар хүчтэй дайсантай тэмцэх ямар байдгийг мартагнуулж байлаа.
Ирээдүйд амьд үлдэхийн тулд түүнд зайлшгүй хэрэгтэй тэр мэдрэмж, тэр сэтгэлзүйг хадгалах ёстой.
Тэр даруу байдлаа хадгалах ёстой байв.
Эцэст нь бас нэг үнэн байлаа.
Мартагдсан Эрэг дээр өнгөрүүлсэн энэ зургаан сарын хугацаанд Санни нэг зүйлийг ойлгосон.
Өөрөөс чинь илүү хүчтэй өрсөлдөгчтэй тулалдахаас илүү өсөлтөнд тустай зүйл гэж үгүй. Ялангуяа тэр тулаан ялагдлаар дууссан бол.
Нэг ялагдал хүнд сул дайснуудыг ар араас нь ялснаас илүү их зүйлийг заадаг.
Асуудал нь энэ хараалт газарт ялагдал гэдэг шууд үхэл гэсэн үг байлаа. Тиймээс Санни хэн нэгэнд ялагдах туршлага бараг байгаагүй.
Эхнээсээ эцэс хүртэл тэр ердөө гурван удаа ялагдлыг амссан.
Нэг удаа хуягт центурион тулалдах үед.
Нэг удаа Сүнслэг модны мөчир доор Нефистэй тулалдах үед.
Мөн нэг удаа энэ сүмд Хар Хүлэгт баатрын илд гэдсийг нь нээх үед.
Тэр гурван ялагдал түүнд бусад бүхнээс илүү ихийг заасан.
Тиймээс өөрөөс нь хавьгүй хүчтэй атлаа түүнийг алах хүсэлгүй мангастай тулалдах боломж бол туйлын ховор, үнэ цэнэтэй байлаа.
Иймээс Санни сэтгэлээ чангалж, сүүдрээ шалан дээр амраагаад Чулуун Гэгээнтний өмнө зогсов.
Гүнзгий амьсгаа аваад Шөнө Дундын Хэлтэрхийг дуудаж, хамгаалалтын байрлал аван сүрдмээр чулуун хүлэгт баатрын нүд рүү эгцлэн харав.
"Над руу довтол."
Тэр нэг секунд ч алдалгүй тушаалыг биелүүлэв.
'Өө... новш!'