198-р бүлэг : Сүүлчийн тулаан
Санни санаа алдав.
Мэдээж, тэд гүүрээр гарахаас өөр аргагүй. Тэр ер нь яах гэж асуусан юм бэ?
'Гайхамшигтай!'
Ядаж тэр хараал идсэн гүүр дээр араг яснууд байсангүй. Тиймээс хавцлын нөгөө тал руу хүрэх зам нээлттэй байлаа.
'Нээлттэй байгаа ганцхан зүйл нь… удахгүй үхэх гэж буй бие минь л байна!'
Санни ийм гунигтай бодолд автсан байхад Эффи, Кастер хоёр урд нь үлдсэн цөөн амьд үхдэлүүдийг хурдхан шиг цохиж, хавцлын ирмэгээс доош шидлээ. Тэдний тасралтгүй довтолгооноос түр ч гэсэн салмагц бүлгийн ихэнх нь амьсгаа авах боломж гарна.
Зөвхөн Нефис болон Чулуун Гэгээнтэн л тулаандаа буцан үлдсэн байв. Үнэндээ араас нь шахах үхэгсдийн сүргийн дарамт их болж, тэд арай ядан тогтож байлаа.
Хоёр дүрс, нэг нь сүүдрээр бүрхэгдсэн, нөгөө нь цэвэр цагаан гэрэлд умбасан, үхэгсдийн армийн улайрсан дайралтын дор аажим аажмаар сөхөрсөөр байлаа.
Санни шүдээ зуун тэднийг ширтэнэ.
Хэрвээ юу ч өөрчлөгдөхгүй бол тун удахгүй тэд өөрсдөө харанхуй ангал руу шидэгдэх болно.
Нүүрэндээ бараан илэрхийлэл тодруулан тэр Эффи рүү хараад ийнхүү хэлэв:
"Яв."
Жадандаа биеэ тулсан анчин бүсгүй сулхан толгой сэгсэрлээ.
"Хэн нэгэн тэднийг барьж саатуулах хэрэгтэй. Бүгд нөгөө талд хүрэх хүртэл тэсэх ёстой. Чи эхлээд…"
"Үгүй ээ."
Санни түүний үгийг таслалаа.
"Би хамгийн сүүлд гарна. Санаа зоволтгүй… надад бодсон юм бий."
Мэдээж галзуу төлөвлөгөө. Өөр юу байхав дээ?
Түүнийг хэсэг ажигласны дараа Эффи эргэлзсэн ч эцэст нь толгой дохив.
"За тэгвэл. Амьд үлдээрэй, Санни."
Санни чимээгүйхэн инээмсэглэн:
"Өө. Намайг тоодог байсныг чинь мэдсэнгүй шүү."
Эффи түүн рүү хэсэг ширтээд тайвнаар хэлэв:
"Үгүй дээ. Зүгээр чи үхвэл удахгүй би чиний туранхай цогцостой тулалдах хэрэг гарна. Тиймээс… үхэх хэрэггүй. За юу?"
Ингээд тэр бусад руу гараараа дохиод, ганхсан гүүр лүү алхлаа.
Санни хэд хэд нүдээ цавчаад түүнийг явж байхыг харснаа, дараа нь хавцал руу нуруугаа харуулан санаа алдав.
'За за. Би өөр юу хүлээхэв дээ?'
Ямар ч байсан одоо буцах зам үгүй.
Тэр Шөнө Дундын Хэлтэрхийг өргөн бариад урагш үсрэн, Өөрчлөгдөж буй Од болон Сүүдрийн Гэгээнтэнтэй нийлж цөхрөнгөө барж буй тулаанд орлоо.
Хэдэн араг ясыг цавчиж унагаад Санни түр зуур Нефис рүү эргэж хэлэв:
"Гүүр лүү ухар. Гэгээнтэн бид хоёр тэднийг барина!"
Одны Гэрлийн Легионы хуягны дуулганы саравчаар дамжин түүний нүд цагаан дөлөөр гэрэлтэж байлаа. Хэсэг хугацааны дараа ард талаас бүдүүн хоолой сонсогдов:
"Чи итгэлтэй байна уу?"
Санни аймшигтай мангасын сарвуунаас бултаж, тачигийн ишээр түүнийг цохин зайлуулж хашгирлаа:
"Тийм! Гэхдээ…"
Өөр нэг амьд үхдэл Шөнө Дундын Хэлтэрхийнд хуваагдан уналаа.
"...чи нөгөө талд хүрмэгц гүүрийн тулгуурыг устгах ёстой. Ойлгож байна уу?"
Өөрчлөгдөж буй Од эргэлзэж, бараг довтлох мөчөө алдсан. Дараа нь асуув:
"Харин чи?"
Үүний хариуд Санни инээд алдан:
"Үүнд санаа бүү зов. Надад гарц бий!"
Нефис хэсэг чимээгүй байснаа эцэст нь түүн рүү гүн харцаар харж, дараа товчхон шиг:
"За" гэлээ.
Илүү үг үрэх хүн биш тэрээр боломж гармагц чимээгүйхэн ухарч, байр сууриа Саннид үлдээлээ.
'Одоо… хамгийн хэцүү хэсэг нь…'
Нефис явмагц Бунханаас гарсан бүх мангас Чулуун Гэгээнтэн болон түүн рүү дайрч ирэв. Санни хамгийн өчүүхэн алдаа ч үхэлд хүргэнэ гэдгийг мэдэрч чангаар хараалаа.
Үхэгсдийн сүргийн довтолгоо түүний төсөөлснөөс давсан ба зэрлэг мангасуудын урсгалд живэхгүй гэж цөхрөнгөө барж, Санни үлдсэн бүх хүчээ дайчлан тулалдлаа.
'Новш гэж… тэр яаж ийм удаан энэ байрлалыг хадгалж чадсан юм бэ?!'
Баатарлаг жүжигт дуртай биш Санни Сүүдрийн гэгээнтэнг махан бамбай… биш ээ... чулуун бамбай болгон ашиглаж, хааяа түүний араар нуугдана. Дуугүй мангасын халхавчнаас хааяа гарч нэг хоёр цохилт өгөөд дахин буцан алга болно. Тэд хоёр нэг л ухаантай мэт гайхалтай зохицон тулалдаж байлаа.
Тэгэлгүй яах вэ. Тэр чинь түүний Сүүдэр шүү дээ. Одоо бүр түүний сүүдэр Чулуун Гэгээнтний биед орооцолдсон байсан.
Аймшигт хүлэгт баатрын хуяг ихэнхдээ бүрэн бүтэн хэвээр байв. Гэсэн ч хэд хэдэн газраа цохигдон, хагарчээ. Санни бараан харцаар ажиглахдаа нэг ан цавнаас бадмаараг тоос урсаж байгааг анзаарлаа.
Чулуун Гэгээнтэн шархаджээ.
'Энийг хурдан дуусгах хэрэгтэй…'
Өөрийн тэсвэр ч барагдаж байгааг мэдэрсэн Санни газар луу унаж, хэвтэн амрахыг л хүсэж байлаа, үхэх байсан ч хамаагүй. Гэвч тэр эсрэгээр нь довтолгооны эрчийг нэмэгдүүлэв. Одоо хүчээ хадгалах шаардлага байсангүй. Зүгээр л жаахан хугацаанд тэсэх хэрэгтэй… арван хэдхэн секунд…
Гэвч тэр арван секунд ч боломжгүй мөрөөдөл мэт санагдана.
Боломжгүй… тийм зүйлсийг бодит болгодог нэгнийг тэр мэднэ…
Ууртай архиралт гарган Санни дахиад нэг араг ясыг тас цавчиж, аль хэдийн шархадсан хажуу руугаа шүргэх цохилт аван ухарлаа. Сүүдэр урд нь гарч ирэн аль хэдийн эвдэрсэн бамбайгаараа довтолгооны бороог дааж байв. Түүний хөл чулуун дээр халтирч байсан ч дуугүй хүлэгт баатар зөрүүдлэн тогтож байлаа.
'Новш гэж! Хэзээ вэ?!'
Түүний дотроо хашгирсны хариу мэт, чанга нижигнэх чимээ, дараа нь аймшигтай дэлбэрэлт сонсогдож гүүр нурсан нь мэдэгдэв.
Одоо аймшигт хавцлын хоёр талыг холбох юу ч үлдсэнгүй. Санни ухрах ямар ч замгүй, үхэшгүй мангасуудын сүргийн өмнө ганцаараа үлдлээ.
'Эцэст нь.'
Тэр үхэгсдэд нуруугаа харуулан харанхуй руу ширтэв. Харанхуй ангалын нөгөө талд түүнийг хүлээж буй хамтрагчдаа харснаа хэсэг зогсож, санаа алдаад ирмэг рүү гүйлээ.
Сүүдэр Чулуун Гэгээнтний биеэс салж, түүний өөрийн биед нь орооцолдов. Гэнэт сулран, дуугүй мангас ганцаараа бүх сүргийг хоромхон зуур барьж тогтоогоод, дараа нь харанхуйд уусч, Сүнсний тэнгисийн нам гүмд буцлаа.
Саадгүй болсон араг яснуудын урсгал урагш дайрч, Саннигаас ердөө нэг хоёр метрийн зайд ирэн үхлийн сарвуугаа сунгаж байв.
'Хэт ойрхон байна!'
Ангалын ирмэгт хүрэхдээ Санни түүнийг дүүргэсэн нэвт харагдашгүй харанхуй руу нэг харснаа…
…хором ч сааталгүй доош үсэрсэн юм.