273-р бүлэг : Хувирал
Сүүдрийн атгасан гар дотор нэгэн хачин, үзэсгэлэнтэй атлаа ёрын мэт бараан эрдэнэ байлаа. Тэр нь нэвт шингэсэн харанхуйгаар дүүрсэн мэт тас хар, туйлын битүү өнгөтэй байв. Гөлгөр хар гадаргуу нь гэрлийг залгиж байгаа мэт санагдаж, нурсан сүмийн уудам танхимыг урьдынхаас ч илүү харанхуй болгов.
Тэр хар хоосон гүн дотор час улаан дөл сүрдмээр улаан туяагаар асаж байлаа. Удаан, хачин хэмнэлээр лугшиж, эргэн тойрны бүхнийг бүдэг улаан гэрэлд живүүлнэ. Тэр гэрэлд будуулсан Чулуун Гэгээнтэн цусаар нэвт норсон мэт харагдана. Түүний атгасан эрдэнэ яг л хэн нэгний цээжнээс сугалж авсан, цусанд будагдсан, одоо ч цохилсоор буй зүрх шиг байв.
Түүнийг ширтэхэд Саннигийн дотор нэгэн үл мэдэгдэх муу совин төрөв.
'Энэ чинь ер нь юу гээч юм бэ?'
Тэр эрдэнэ сүнсний хэлтэрхийтэй төстэй харагдаж байсан ч... өөр байлаа. Санни эхлээд хар өнгийн хэлтэрхий гэж ер хараагүй, дээрээс нь ийм хүчтэй туяа цацруулж буйг нь бүр ч үзээгүй. Бас эвдэрсэн цөмийн хэсэг шиг ч санагдсангүй. Харин ч... бүтэн юм шиг харагдана.
'Хар дарсан зүүдний амьтны сүнсний цөм ийм байдаг юм болов уу?'
Үгүй ээ, сүнсний цөм биш.
Сүнс үү?
Цочирдсон Санни хар эрдэнийн гүнд асаж буй час улаан дөлнүүдийг тоолов. Нэг, хоёр, гурав... дөрөв.
Унасан Чөтгөрийн дөрвөн цөмийг илтгэх дөрвөн дөл.
Сүүдрийнх нь гарт буй зүйл бол Хар Хүлэг Баатрын сүнс... эсвэл ядаж түүний мөн чанарын нэг хэлбэр байлаа. Гэхдээ яаж ингэж бодит хэлбэрт орчихов?
Үүнийг Чулуун Гэгээнтэн хийсэн гэж үү? Тэгвэл яаж... үгүй ээ, яагаад?
'Тэр үүгээр яах гэж байгаа юм бэ?!'
Санни, Нефис хоёр балмагдсан чигээрээ дуугүй ширтэж байхад Сүүдэр эцэст нь хөдөллөө. Хар эрдэнийг нүүрэндээ ойртуулан хэсэг азнаад, нүдэнд нь бараан, аймшигт мэдрэмжийн өчүүхэн сүүдэр тодров.
Тэгээд Чулуун Гэгээнтэн... түүнийг залгичихлаа.
Санни нүдээ цавчуулан:
'...Юу?'
Сүүдэр амаа ангайж, тэр ёрын талстыг хазан бутлаад залгив.
Ингээд л Хар Хүлэг Баатрын сүнс залгиулчихав. Түүнээс цацарч байсан улаан туяа арилж, дэлхий ердийнхөө өнгөнд буцан орлоо.
Тэгээд дараагийн мөчид Чулуун Гэгээнтэн өөрөө ч сүүдэр лүү живэн алга болов.
'Хүлээ... би түүнийг буцаагаагүй шүү дээ. Юу болоод байна аа?'
Нефис түүн рүү будилсан харцаар харав.
"Яг юу болчихов оо? Тэр юу хийчихэв?"
Энэ удаа Саннид үнэн гуйвуулах, хэн нэгнийг хуурах шаардлага байсангүй. Амаа нээн, тэр үнэнээр нь хэлэв.
"Надад ямар ч мэдэх юм алга."
Чөтгөр устсаны дараа үлдсэн зэвэрсэн гангийн овоолго руу алхаж очоод Санни хөлөөрөө бага зэрэг хөдөлгөснөө бувтнав.
"Хэлтэрхий үлдээгүй байна. Хоосон санж."
Өөрчлөгдөж буй Од хэдэн хором дуугүй байснаа хөмсгөө зангидлаа.
Эцэст нь тэр хэлэв.
"...Чиний Сүүдрийн хувилбар үнэхээр хачин юм."
───
Бүгд тулаанаас сэргэж, шархаа арчилж байх зуур Санни нэгэн бөглүү буланд очоод Сүнсний Тэнгистээ шумбан орлоо.
Тогтуун, хөдөлгөөнгүй усан мандал түүнийг танил нам гүмээр угтав. Эрэг даган зогсох хөдөлгөөнгүй сүүдрүүд рүү харснаа Санни Хар Хүлэг Баатар тэдний эгнээнд нэмэгдсэнийг анзаарав.
Төмөр аварга түүний хороосон бусад бүх амьтдын дунд зогсож, бусдын адил хоосон болжээ. Аюулт, үхэл дагуулсан Нүгэлт Чөтгөрөөс юу ч үлдээгүй. Одоо тэр ердөө л нэг сүүдэр.
Санни ёжтой инээмсэглэв.
"Тавтай морил, новш минь. Энд сайн тухлаарай. Чи дахиад хаашаа ч явахгүй шүү дээ."
Гүн, бараан ханамж зүрхийг нь дүүргэлээ. Өөрийн тангарагт дайсны хөдөлгөөнгүй дүрийг ширтэхэд Санни бүх хүчээрээ өшиглөх хүслээ арайхийн дарлаа.
Эцсийн эцэст тэр одоо ердөө л сүүдэр болсон. Өшиглөлөө ч гэсэн агаарыг өшиглөсөнтэй адил. Тэгээд ч Санни тийм хэмжээний өс хонзонтой нэгэн биш. Тэр новшийг нэг удаа алахад л хангалттай.
"Одоо хэн нь инээж байна даа, тийм үү? Чи намайг сайхан балласан гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо би амьд, харин чи үхсэн. Эцэстээ бол энэ л хамгийн чухал."
Энэ дэлхий... үгүй, энэ дэлхий ч, бодит ертөнц ч Саннигаас том, хүчтэй, илүү сүртэй амьтдаар дүүрэн. Тэдний олон нь түүний оршин тогтнолд заналхийлж, эсвэл өөрсдийн давуу байдлаа харуулахын тулд түүнийг шороо мэт үзэхийг хүсдэг байсан.
Гэвч тэр бүгдийн дунд Санни одоо ч энд байсаар. Устгагдаагүй, эсвэл үхдэл болоогүй. Тэр эрх чөлөөтэй, амьд, өдөр ирэх тусам хүчирхэг болж байна.
Нэг өдөр тэд өөрсдөө түүний өмнө чичирч сөхрөх болно, эсвэл түүний гарт устах болно. Яг Хар Хүлэг Баатрын адил.
Бараан төрхтэй болсон Санни эргэж, сүүдрийн цөмийнхөө хар нарны доор очин зогслоо. Дараа нь Чулуун Гэгээнтнийг дуудлаа.
...Гэвч юу ч болсонгүй.
Санни хөмсгөө атируулан дахин дуудлаа. Үр дүн мөн адил.
Гэнэт түгшсэн тэр Бичээсүүдийг өмнөө гарч ирэхийг хүслээ.
Аз болоход хамгийн аймшигтай таамаг нь биелсэнгүй. Чулуун Гэгээнтэн одоо ч түүний Сүүдрийн жагсаалтад байв.
'Тэгвэл түүнд яг юу болоод байна аа?'
Түүний нэрийг дүрсэлсэн Бичээст төвлөрөхөд Санни түүнийг томруулан уншив.
Сүүдэр : Чулуун Гэгээнтэн.
Сүүдрийн зэрэг : Сэрсэн.
Сүүдрийн ангилал : Мангас.
Сүүдрийн Шинж чанар : [Тулааны Мастер], [Бат Бөх], [Тэнгэрлэгийн Оч].
Сүүдрийн тайлбар : [Чулуун Гэгээнтнийг Гэрлээс Төөрөгч этгээд Мартагдсан Эргийн хараагдсан харанхуйд бүтээсэн.]
Сүүдрийн хэлтэрхий : [80/200].
Одоог хүртэл бүх зүйл хэвээрээ байв. Түүнд өгсөн сүүдрийн хэлтэрхийн тоо ч өөрчлөгдөөгүй.
Харин тэр тооны доор, урьд нь байгаагүй шинэ Бичээс гялалзан гарч иржээ.
Түүнийг хараад Саннигийн нүд томров.
Бичээст ингэж бичигдсэн байлаа:
[…Чулуун Гэгээнтэн хувьсаж байна.]
Хэсэг зуур тэр хөдөлгөөнгүй зогссоноо Сүүдрийн Цөм рүү харлаа.
Түүний дотор хаа нэгтээ Сүүдэр нь харанхуй дөлний тэжээсэн давалгаан дунд амарч, оршихуй нь нууцлаг өөрчлөлтөөр дамжин өнгөрч байв. Хар Хүлэг Баатрын сүнсийг залгисан нь Саннигийн төсөөлөөгүй өсөлтийн шатанд хүргэсэн бололтой.
Энэ хувьслын явц хэр удаан үргэлжлэх бол?
Чулуун Гэгээнтэн яг ямар өөрчлөлт туулж байгаа бол?
Саннид ямар ч хариулт байсангүй.
Гэхдээ тэр үүнийг мэдэхийг тэсэн ядан хүлээж байлаа.