126-р бүлэг : Эффи
Нефис түүн рүү хэдэн хором ширтэж байснаа толгойгоо Касси руу эргүүлэн:
“Бидний араас дага.” гэж хэлэв.
Гурвуул болгоомжтойгоор цамхгийн үүд рүү ойртон очоод, яаж цаашлах ёстойгоо мэдэхгүй тээнэгэлзэн хэсэг зогслоо.
Тэдний толгойд энэ гэнэтийн нөхцөл байдлын хоёрхон хувилбар байв.
Нэгдүгээрт, нууцлаг залуу эмэгтэй нь нутгийн нэгэн Сэрэгч байж таарах. Хэрвээ тийм бол бүх асуудал нэг дор шийдэгдэнэ. Зүүдний ертөнцийн зэрлэг бүсэд Нойрсогчидтой таарсан Сэрэгч тэднийг хамгийн ойрын хүмүүсийн Цайз руу дагуулж явах нь ёс мэт зүйл байлаа.
Мэдээж, онцгой тохиолдлууд гардаг. Гэвч ерөнхийдөө Сэрэгсэд Нойрсогчдыг хамгаалж, анхаарахыг хичээдэг. Энэ харийн, дайсагнасан нутагт хүмүүс бие биедээ найдахаас өөр аргагүй. Энэ нь ёс суртахууны үүрэг төдийгүй, өөрсдөд нь ч ашигтай хэрэг байв.
Хоёрдугаарт, танихгүй эмэгтэй Хар дарсан зүүдний мангас байх магадлалтай. Тэгвэл тэдний өмнө маш хүнд тулаан хүлээж байгаа. Дайсны зэрэглэл, анги тодорхойгүй тул үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй.
Тэд зүгээр л эрсдэл гаргахаас өөр аргагүй байлаа.
Гүнзгий амьсгаа авч, Санни Нефисийн араас цамхгийн сэрүүн харанхуйд орлоо. Тэр даруй шарж буй махны дуу, хорхой хүргэм үнэр хамрыг нь цоргив.
…Хэвлий нь гүрэлзэн дуугарлаа.
_Новш!_
Санни хариу үйлдэл үзүүлж амжаагүй байтал нэг яс түүний толгой дээгүүр нисэн өнгөрч, хананд мөргөн бут үсрэв. Хожуу ухаарсан тэр Шөнө Дундын Хэлтэрхийг өргөн хамгаалалтын байрлал авлаа.
Гэвч аль хэдийн оройтсон байв. Залуу эмэгтэй тэднийг анзаарсан байлаа.
Толгойгоо өргөн, шүдээ ил гарган том инээмсэглээд намуухан бувтнав:
“Сүүдэрт хэн нэгэн нуугдаж байна тэ? Гарж ирээд тоглохгүй юм уу…”
Түүний хоолой гүн, утаа мэт баргил, сөөнгө байлаа. Гэхдээ хамгийн чухал нь тэр хүн төрөлхтний хэлээр ярьж байв.
Тэр хүн байсан!
…Магадгүй.
Танихгүй эмэгтэй одоо ч тайван сууж байсан ч Санни түүний баримал мэт булчинд хурсан далд чангаралтыг анзаарав. Тэр түүнийг Сэрэгч гэж бодсон боловч энэ эмэгтэй ямар ч мөчид хүчирхийллийн шуурга болон дэлбэрч мэднэ гэдэгт огтхон ч эргэлзсэнгүй.
Тиймээс өдөөн хатгах нь хамгийн муу сонголт байлаа.
Нефис рүү харж, түүний жишээг даган сэлмээ тараан алга болголоо. Ингээд гурвуул галын гэрэл туссан тойрог руу болгоомжтой алхав.
Залуу эмэгтэй тэднийг гайхан харж, хөмсгөө өргөөд:
"Хүмүүс үү? Хөөх! Сонин юм аа.”
Тэгснээ инээмсэглэн толгой сэгсрэв.
“Аа, ёс жаяг минь хаачив даа?”
Ингээд хөнгөн хөдөлгөөнөөр бослоо. Цагаан даавуун хувцас нь ялимгүй хөдлөн, түүний чанга, хүчирхэг гуяыг илүү тод харагдав.
Санни нүдээ ирмэв.
Тэр танихгүй эмэгтэйг өндөр гэж бодож байсан ч одоо л жинхэнэ өндөр нь ямар сүрдмээр гэдгийг ойлгов. Тэр эмэгтэй Нефисээс ч, Саннигаас ч илт өндөр байлаа. Бөх мэт биетэй, бор өнгийн арьстай, эртний хэв маягийн хуяг өмссөн төрх нь эртний нэгэн бурхныг санагдуулна.
Гэхдээ түүний нүд рүү харахын тулд хүзүүгээ сунгах нь бага зэрэг дургүй хүргэм байв. Гэхдээ өөр аргагүй. Хэрвээ шулуун харвал харц нь шууд түүний гоолиг…аа…
Энэ хооронд залуу эмэгтэй бохир нүүрээ гарын шуугаар арчаад, гал руу заав.
“За, суухгүй юм уу?”
Эелдэг урилга байсан ч тэд тээнэгэлзэв. Хэдэн хором эвгүй чимээгүй байсны эцэст Нефис нэг алхам урагшлан, гурвууланг нь зовоож байсан асуултыг асуулаа.
Хоолой нь ер бусын баргар, дарагдсан сэтгэл хөдлөлөөр дүүрэн байв.
“Та… та хүн мөн үү?”
Танихгүй эмэгтэй түүнийг хоосон харцаар ширтэж байснаа хэд хэдэн удаа анивчив.
“Өөр би юу байх ёстой гэж? Морь уу?”
Ингээд толгойгоо арагш хаялан чангаар инээв. Өөрийнхөө тэнэг онигоондоо хөгжилдсөн бололтой. Нефис, Санни хоёр яахаа мэдэхгүй бие бие рүүгээ харц солилцов.
Харин залуу эмэгтэй дахин хэд инээгээд, нүдэнд нь баяр хөөрийн оч гялалзан тэднийг харлаа.
“Мэдээж хүн байлгүй яахав! Юу нь балай асуулт асуугаад байгаа юм бэ? За, ирж сууцгаа. Та нарыг доороос ширтэхээр хүзүү ядарч байна.”
Ингээд галын дэргэд сууж, тайван байрлал авлаа. Нефис, Санни, Касси гурав ч дөхөн очиж, чулуун дээр сууцгаав. Өндөр бүсгүйг өлссөн мэт нүдээр ширтэнэ.
Тэр тэднийг ажигласнаа, бага зэрэг хөмсгөө атируулж:
“Та нарыг энд өмнө нь харж байгаагүй юм байна. Шинээр ирсэн хүмүүс үү?”
Нефис толгой дохив.
“Тийм ээ. Бид хотод дөнгөж хүр ирээд байна.”
Тэр жирийн, нийгэмшсэн хүн шиг харагдах гэж үнэхээр их хичээж байлаа. Нийгмийн чадвараа сайжруулах гэсэн түүний төгсгөлгүй оролдлогууд талаар өнгөрөөгүй бололтой. Хэрвээ Санни Нефисийн угийн эвгүй, болхи занг мэдэхгүй байсан бол юу ч анзаарахгүй байх байв.
Залуу эмэгтэй инээмсэглэв.
“Тэгвэл гүнээ эмгэнэл… аа үгүй, хүлээ. Та нар Шүрэн ойд бүтэн хоёр сар амьд үлдсэн гэж үү?”
Тэр шүгэлдэн, тэднийг шинээр хүндэлсэн харцаар харлаа.
“Энэ бол жинхэнэ гавьяа шүү. Баяр хүргэе.”
Нефис хэдэн хором чимээгүй байснаа:
“Би бол Нефис. Эд бол миний хамтрагчид. Кассия, Санлесс. Бид өвлийн туйлын үеэр энд ирсэн Нойрсогчид.”
Залуу эмэгтэй тэдэнд өргөн, найрсаг инээмсэглэл бэлэглэв.
“Танилцсандаа таатай байна! Намайг Эффи гэдэг. Ядаж хүмүүс тэгж дууддаг юм. Би ч бас Нойрсогч.”
Санни духаа атирууллаа. Тэгэхээр энэ үзэсгэлэнтэй аварга бүсгүй Сэрэгч биш, тэдэнтэй адил Нойрсогч байж. Хачирхалтай нь, тэр Академид түүнийг огт санахгүй байв. Гэсэн ч…
Дуугүй сууж тэвчсэнгүй, урагш тонгойж:
“Та цайзаас ирсэн үү? Тэнд хүмүүс амьдардаг биз дээ?”
Эффи түүн рүү харлаа. Түүний нүдэнд ямар нэгэн хачин сэтгэл хөдлөл тодров. Бараг л… өрөвдөх шиг.
“…Тийм ээ. Цайзад үнэхээр хүмүүс амьдардаг.”
Нефис, Санни хоёр баярлан харц солилцов. Дараа нь Өөрчлөгдөж буй Од болгоомжтойгоор:
“Та биднийг тийш нь дагуулж явж чадах уу?”
Эффи мөрөө хавчив.
“Мэдээж. Асуудалгүй. Та нарт сүнсний хэлтэрхий байгаа юу?”
Санни нүдээ ирмэв. Сүнсний хэлтэрхий үүнд ямар хамаатай гэж? Тэд хананы ёроолд алсан тэр хачин чулуун амьтнаас хоёр ширхэг авсан шүү дээ. Төлбөр нэхэх гэж байгаа юм болов уу?
Нефис хэлтэрхийнүүдийг гарган, өндөр бүсгүйд үзүүлэв.
“Хоёр бий.”
Эффи санаа алдав.
“Ердөө хоёр уу? За яах вэ… юмгүй байснаас дээр л дээ. Өөрсддөө хадгал. Дараа хэрэг болно.”
Үгийнх нь утгыг сайн ойлгоогүй Нефис жаахан тээнэгэлзээд:
“Бид Цайзад аль болох хурдан хүрч, Гарцыг ашиглахыг хүсэж байна. Энэ хэр удах бол?”
Залуу эмэгтэй тэднийг удаан ширтэснээ гэнэт тонгойж, солиотой мэт инээд алдав. Тэр инээд нь удаан үргэлжилж, нүднийх нь буланд нулимс цийлэгнэв.
Гурван Нойрсогч цочирдон, юу ч ойлголгүй, түүний инээхийг ширтэж зогслоо.
_Арай тэр… солиотой юм биш биз?_
Санни хөмсгөө зангидан, нөхцөл байдлыг дахин дүгнэв. Урьд нь нутгийн бүсгүй зүгээр л этгээд нэгэн мэт санагдсан. Харин одоо…
Эффигийн инээд эхэлсэн шигээ гэнэт зогсов. Нулимсаа арчаад, толгой сэгсрэн хачин өнгөөр:
“Аа, уучлаарай залуусаа. Өөрийгөө барьж дийлсэнгүй. Бүдүүлэг занг минь уучлаарай.”
Тэгээд нуруугаа цэхлэн, тэдний нүд рүү хүндээр ширтэж:
“Би та нарыг цайз руу хүргэж өгч чадна. Гэхдээ тэнд ямар ч Гарц байхгүй. Ер нь энэ хараал идсэн тамаас гарах ямар ч зам үгүй. Би өөрөө энд гурван жил гацсан. Тэгэхээр… 'Харанхуйн Хотод тавтай морил' гэж хэлэх үү дээ. ‘Энд орсон хүн бүхэн найдвараа орхи’ гээд л…”